Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг 2011 оноос хойш дэлхийн жүдогийн өдөр болгон ёслон тэмдэглэж ирсэн. Учир нь энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч, 1909-1938 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан Жигоро Каногийн мэндэлсэн өдөр юм. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано өөрийн амьдралаа жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, барилдааны ёс жаяг, өв уламжлал, соёлыг дэлгэрүүлэн, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд зориулсан хүн билээ. Түүний зорилго өдгөө биеллээ олж, барилдааны хэв маяг, хурд, уран мэхээр гайхуулсан барилдаан дэлхийн сая сая үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Жүдо бөх Монголын топ дөрвөн спотын нэгт зүй ёсоор тооцогддог. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Дэлхийн жүдо бөхийн холбооноос гаргасан чансаанд жин бүрт тогтмол дээгүүр жагсч, хэд хэдэн тамирчин дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг болжээ. Монголын жүдочдоос олимпийн наадмын анхны медалийг 1980 оны Москвагийн олимпод өрсөлдсөн Ц.Дамдин /мөнгө/, Р.Даваадалай /хүрэл/ нар хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )