Э.Бүрнээбаяр: Монголынхоо хилийг жилдээ хоёр, гурав тойрдог

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

   “Амьдралаа би чамд хайртай” “Дэлтэй шувуу” зэрэг уран бүтээлээрээ олонд алдаршсан, насаараа хилийн цэрэгт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа Монгол улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа  

 

-       Хоёулаа таны бага насны тухай дурсамжаар яриагаа эхлэх үү? 


-       Би өвөө, эмээ хоёр дээрээ айлын ганц хүүхэд юм шиг л эрхэлж өссөн. Хурга ишигнүүдээ өвөртөлж унтаад ороороо дүүрэн хоргол болгочихдог их л дураараа хүүхэд байлаа. Тэр хоёр дээрээ ой хүрээгүй очоод л хүн болсон доо. Гэхдээ би чинь арван хүүхэдтэй өнөр бүлийн том нь шүү дээ. Манай  эмээ нутаг усандаа урнаараа алдартай Цэнд гэдэг хөгшин байсан. Хар багын дуулж, бүжиглэх дуртай надад эмээ маань гараа гаргаж янз бүрийн хувцас хийж өгдөг байж билээ. Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд миний бага нас өнгөрсөн юм. Их сайхан нутаг шүү. Тэр үед манай сумын соёлын төвд  олон гоё тоглолт, урлагийн арга хэмжээ болдог байлаа. Оросын тосгонд хүртэл очиж, тоглолтод оролцдог байсан. Аав маань бага байхад надад нэг манделин авч өгсөн нь миний хувьд хамгийн үнэтэй бэлэг  байсан. Одоог хүртэл санаанаас  гардаггүй юм. Их баярласан болоод л тэр байх даа. Хэн ч надад яаж тоглодгийг нь зааж өгөөгүй ч би өөрөө оролдсоор байгаад сурчихсан. Тэгээд л “Хангай шиг түшигтэй аавынхаа өвөр дээр”, “Цэцэг жимс дэлгэрч байна” зэрэг дуу дуулдаг байлаа. Заримдаа ээж аав хоёрынхоо найзуудыг ирэхээр бяцхан урлагийн тоглолт хүртэл үзүүлдэг байлаа.


-       Таныг дуучин болоход гэр бүлийнхнээс тань хэн нь илүү нөлөөлсөн гэж боддог вэ Эцэг эх тань урлагийн хүмүүс байсан юм уу?

-       Манай аав МУИС –ийн Монгол хэл, утга зохиолын анги төгсөөд нутагтаа багшилдаг байсан. Утга зохиолын багш хэдий ч сайхан дуулчихна. Ээж маань  ямар ч дууг эвлэгхэн аялчихна.

- Ямарч хүнд амжилтад хүрэхэд тууштай зан чухал. Та олон шалгуурыг давж урлагийн хүн болсон. Анх уран бүтээлч болж байсан үеэ дурсахгүй юу?


-       Наймдугаар ангидаа  урлагийн үзлэгт дуулсан минь ихэд үнэлэгдэж “Авьяастай юм байна” гэж хүмүүс тоох болсон доо. Аравдугаар ангиа төгсөөд хотод ирж аж ахуйн үйлчилгээний  техник мэргэжлийн сургуульд сурч үсчин болоод нутаг буцсан. Тухайн үед байсан хувьсгалт залуучуудын эвлэл гэж том байгууллагын шугамаар уралдаан тэмцээнд оролцож шалгараад урамшиж “Сэлэнгийн долгио” чуулгын тоглолтод оролцдог боллоо. Тэгж явахад чи дуучин болох хүн биш гэж хэлэх хүн ч байсан шүү.


-       Үсчин мэргэжлээрээ ажилласан уу?


-       Сэлэнгэ аймагт  гурван жил үсчинээр ажилласан. Түүний дараа Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад шалгуулж тэнцээд, гурван сар цалингүй дагалдан дуучнаар ажиллаж байгаад жинхэлсэн. Тухайн үед ур чадвараас гадна хувийн амьдралыг нь хүртэл нарийн шалгаж байж ХЦДБЧ-д авсан.


-       Та хилийн цэрэгт олон жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Буцаад ажилдаа орсон сурагтай байсан?


-       Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шүү дээ. Би 21 настайдаа Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлч болсон. Түүнээс хойш 25 жил ажиллаад цэргийн тэтгэвэртээ гарсан юм. Хилийн цэргээс гараад чөлөөт уран бүтээлч болж явахдаа  дөрвөн  бие даасан тоглолт хийсэн. Тэр үед нийгмийн амьдрал ч хэцүү байлаа. Зөвхөн тэтгэврээ аваад энд тэнд дуулсан мөнгөөрөө амьдрахад хүрэлцэхгүй, дээр нь насаараа хийгээд сурчихсан ажил маань юм болохоор ажлаа хиймээр санагдаад буцаад орсон. Хилийн цэрэгтээ ажиллаж байхад дотно сайхан санагддаг. Тиймээс эргэж орсон нь дээр юм байна гэж бодоод л орсондоо.


-       Одоо хилийн цэрэгтээ ажиллаж байгаа юу?


-       Өнгөрсөн нэг сараас бас буцаад больсон. Түүнээс хойш хувиараа уран бүтээлээ хийгээд явж байна. Нэг үеэ бодоход манай нийгэм урлагийг  ойлгодог,  уран бүтээлийг үнэлэх үнэлэмж гайгүй өндөр болсон байна. Тиймээс хувиараа уран бүтээлээ хийж явах нь зүйтэй юм болов уу  гэж бодлоо. Манай хилийн цэргийнхэн хөдөө их явдаг учраас сүүлдээ ачааллаа дийлэхээ больдог юм байна билээ. Түүнээс гадна сургууль төгссөн залуучууд их ирж байна. Тэгээд ч шинэ залуу хүмүүсээ дэмжиж,  нэг ч гэсэн хүний  ажлын орон тоо гаргаж өгөх нь дээр юм байна гэж бодлоо. Бүгдийг хийж чаддаг чадвартай залуучууд  төрөн гарч хилийн цэрэгт орж байна. Гэхдээ одоо ч гэсэн хилийн цэргийнхэнтэйгээ сайхан харьцаатай, үргэлж холбоотой байдаг.


-       Эх орныхоо хилийг  хамгаалж байгаа цэргүүдэд уран бүтээлээ хүргэж явахын хамгийн  сайхан нь юу байсан бэ?


-       Хүссэн хүн бүхэн очиж үзэж чадахааргүй хилчдийн амьдралыг мөн сайхан байгалийг  үзнэ. Бараг очиж үзээгүй сайхан нутаг үлдээгүй шүү. Дархан хилээ манадаг цэргийн амьдрал гэдэг их сайхан шүү дээ. Очиж үзсэн хүн л мэдэх байх.


-       Та Монголынхоо хилийг хэд тойрсон юм бэ?


-       Өө мэдэхгүй. Жилдээ хоёр, гурав тойрдог. Тэгэхээр овоо тоо гарна биз.


-       “Суварган цэнхэр” уулс кино шиг юм их болно биз?


-       Хилийн амьдрал яг л тийм байдаг юм. “Суварган цэнхэр уулс” кино бол хилчдийн амьдралыг үнэнээр харуулсан. Үнэхээр сайхан кино шүү. Одоо  нийгмээ дагаад  арай орчин үеийн болсон байна билээ.


-       Залуудаа олон цэргийн зүрхийг шархлуулж байсан уу?


-       Залуу байхад цэргүүд, ахлагч нар болон энгийн үзэгчдээс олон захидал авдаг байсан. Тэр үед одоогийнх шиг гар утас, интернэт гэж байх биш захидлаар л харилцана. Бүгдэд нь хариу бичихийг хүсдэг байсан ч амждаггүй байлаа.


-       Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Ойрын хугацаанд тоглолтоо хийх төлөвлөгөө бий юу?


-       Уран бүтээл хийж л байна. Хамгийн сүүлд “Нандин” гэж дуугаа хийлээ. Ирэх  сард МУГЖ Сийлэгмаа, Эрдэнэбат бид гурав  хамтарсан уран бүтээлийн тоглолтоо хийнэ.Тэгээд өөр  төлөвлөсөн ажил их бий. Сүүлийн уран бүтээлүүдээ клипжүүлнэ. Ойрдоо нийслэлдээ болж байгаа, тоглолт болон баярын арга хэмжээнүүдэд оролцоод л явж байна.


-       Таны бахархал гэвэл юу вэ?



-     Уран бүтээлч болсон хувь заяагаараа бахархдаг. Урлагийн хүн байна гэдэг бурхнаас өгсөн хишиг юм. Миний дуулсан цөөхөн дууг  хүн бүхэн мэддэгт бахархдаг. Хаана ч очоод дуулсан дагаад л дуулдаг нь их сайхан шүү.

-       “Амьдралаа би чамд хайртай” дуу хэзээ клиптэй болох вэ?

-       Үзэгчдэд хүрчихсэн ийм сайхан үг аятай дуунд муу клип хийх эрхгүй. Надаас өөр сэргэлэн хүн байсан бол аль эрт л ивээн тэтгэгчээ олоод клип хийсэн байгаа байх. Дуулж олсон хэдэн төгрөгөөрөө клипжүүлнэ гэвэл хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ ирэх жилдээ амжаад яадаг ч байсан клиптэй болгоно.


-       Үзэгчид “Амьдралаа би чамд хайртай”  “Дэлтэй шувуу” шиг мөнхийн бүтээлийг танаас их хүлээдэг?


-       Шинэ уран бүтээл хийж л байна. Гэхдээ түүн шиг дуу гарахыг би мэдэхгүй байна. “Амьдралаа би чамд хайртай” дууны шүлгийг бичсэн Данзангийн Нямаа,  аялгууг зохиосон Сүхбаатар багшдаа үргэлж баярлаж явдаг.Тухайн үед бас л захидалд дарагддаг байлаа.


-       Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?


-       Надад чөлөөт цаг гэж байдаг юм уу.  Чөлөө зав  гарвал  зүгээр л амармаар  санагдаад байдаг юм. Гэртээ гоё хоол хийх сонирхолтой. Энд тэнд гоё хоол харагдвал орцыг нь  бичиж аваад л явна шүү дээ. Гэртээ хариад туршиж үзнэ бас кино үзэх их дуртай. Гэхдээ кино театрт биш зүгээр л гэртээ үздэг юм.


-       Та эрүүлзөв хооллолтын клубт явдаг гэсэн. Ямар хоол хийх дуртай вэ?


-       Эрүүл мэндэд тустай эрүүл хоол хийх дуртай. Би таван жилийн өмнөөс  зөв хооллолтын клубт яваад маш их юм сурсан. Хүн хоёр нарны хооронд яаж хоолловол эрүүл байж, урт удаан наслах гээд, гэхдээ сурах нэг асуудал, хэрэгжүүлэх бас нэг асуудал байдаг юм байна. Түүнийг хэчнээн сайн мэдэж байгаа ч гэсэн зөрчил гарч байна. Учир нь хөдөө гадаа их явдаг учраас юу олдсоноо идчих үе их таарах юм. Манайхан ч гэсэн нэг үеэ  бодоход  зөв хооллохыг  хичээдэг болсон байна. Нүүдэлчин ахуйгаасаа өөр болоод, суурьшмал байдлаар амьдарч байгаа бид чинь хөнгөн хооллохоос өөр аргагүй шүү дээ. Монгол хүн гэхээрээ заавал хүнд хоол идэж ходоодоо өвчлүүлээд байх шаардлагагүй.


-       Таны хобби. Цуглуулгатай юу?


-       Ээмэг зүүлтний хослол цуглуулдаг. Хувцас болгондоо зохицуулах гэж авсаар байгаад одоо хийх газаргүй их болсон байна. Энэ цуглуулгаа ч бүр болихгүй юм шиг байгаа юм. Бас  кинонууд цуглуулж үзнэ.


-       Гавьяат авч байсан олон жилийн өмнөх сэтгэгдэлээсээ  хуваалцаач?


-       1998 онд энэ сайхан шагналыг авч байсан. Сэтгэл их түгшиж байлаа. Тэр үед А.Долгор, Б.Түвшинтөгс гээд чадалтай дуучид гавьяат цолтой байсан юм. Гадаадад сургууль дүүргэсэн, дэлхийн сонгодог бүтээлээс дуулдаг хүн гавьяат цолтой байхад би энэ нэр хүндийг даах болов уу гэж их эмээж байсан тэр үеийг өнөөтэй харьцуулахад өөр болсон.


-       Таны том охин дуучин бил үү?


-       Тиймээ. Том охин маань дуурийн дуучин. Бага охин  Америкт сурч байна. Хүү маань Төрийн банкинд ажилладаг. Нэг ач нэг зээтэй. Саяхан ачтай болоод бөөн баяр. Хэдэн өдөр л онгирч  давхисан шүү  дээ.



Н.Ганчимэг




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top