Монгол улсаас 1000 гаруй цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

НҮБ-ын энхийг сахиулах асуудлаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороонд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг энэ сарын 29-нд үг хэлэв.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол улс хувь нэмрээ оруулахыг  зорьж, өнөөдрийн байдлаар НҮБ-ын мандаттай 6 ажиллагаанд, тэр дундаа өндөр эрсдэлтэйд тооцогдох Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дарфур, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас нийт 1000 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгааг дурдаж, энхийн төлөөх тэдний үйл хэргийг Монгол Улс сайшаан, үнэлж байдгийг онцлов.

Ажиллагааны орчин, аюулгүй байдал улам бүх хурцдах хандлага байгаа өнөөгийн нөхцөлд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх зорилт байх учиртайг манай төлөөлөгч онцолж, эл чиглэлээр НҮБ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авах тухайлбал, шаардлагатай техник хэрэгслэлээр бүрэн хангах, цогц сургалтад хамруулах, бэлтгэх талаар үе шаттай ажил хэрэгжүүлэхийг уриалав. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орны төлөөллийг НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт бий болгох, нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-ын зүгээс ахиц гаргах шаардлагатай байгааг мөн онцлов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top