Байгаль орчныг хамгаалах асуудлаархи хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 28-ны өдөр ОХУ-ын Москва хотноо болсон юм. Уг хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Оросын талаас ОХУ-ын Холбооны байгаль орчны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов нар тэргүүлэв.
Хуралдаанаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагаа , тэр дундаа хоёр улсын хил орчмын нутгаар байрлах Увс нуурын ай савын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн асуудал, шинээр хамтарсан тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулах асуудал, боломж бололцоо үндэслэл, мөн хил дамнан нүүдэллэх ховор амьтад ялангуяа аргал угалз, ирвэс, цагаан зээр зэргийн хамгааллын асуудлаар харилцан санал солилцлоо. Энэхүү хуралдаанаар Монголын талаас Онон Балжийн Байгалийн цогцолборт газрыг , ОХУ-ын талаас Сохондын Шим мандлын дархан цаазат газрыг хамруулсан Амар мөрний эх хил дамнасан хамтарсан Дархан цаазат газрыг байгуулахаар болсон юм.
Мөн энэхүү хуралдаанаар ойн түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлын талаар харилцан санал солилцож, хэлэлцээрийн үндсэн заалтуудын талаар нэгдсэн нэг саналд хүрч чаджээ.
Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах 1995 оны хэлэлцээрийн хүрээнд хэд хэдэн тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар тохиролцлоо. Тухайлбал, Монголын мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ойг түрээсээр ашиглах асуудлыг авч үзэв. Ойн хортонтой тэмцэхэд биологийн арга технологийг ашиглах боломжийг эрэлхийлэхээр боллоо. Мөн Монголын тал Монгол Улсын Засгийн газрын Ногоон хэрэм төсөлд Оросын талыг хамтран ажиллахыг хүслээ. Талууд хэлэлцэж тохирсон асуудлаар Протокол байгуулж гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл ( 1 )
ene medeend chn ymr utga alga boloh gd bgmu boltsimu