Оюутан охины амийг хороосон гэх этгээдийн цаазын ялыг хүчингүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Бүгд Найрамдах Беларусь улсын Дээд шүүхээс Александр Харюнод оногдуулсан цаазаар авах ялыг хүчингүй болгож, мужийн шүүхэд буцаасан байна. Энэ шийдвэртэй холбогдуулан Эмнести Интернэшнлийн Беларусийн асуудлаарх судлаач “Дээд шүүхээс гаргасан шийдвэрт талархаж байна. Цаашид хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон энэ ялыг бүрэн халахын тулд Беларусь нь цаазаар авах ялыг гүйцэтгэхээ зогсоох хэрэгтэй. Шударга шүүх ажиллагаа зөрчигдсөн байж болзошгүй учраас Дээд шүүх энэ шийдвэрийг гаргасан гэж бид үзэж байгаа. Тиймээс шүүгчид шударга шүүх ажиллагааны хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж чадахыг баталгаажуулсан шийдвэр боллоо. Энэ нь цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр байгаа тус улсын хувьд онцгой чухал алхам байлаа” хэмээн өгүүллээ.   

 

25 настай Александр Харюнод 2012 оны 9-р сарын 20-нд оюутан охины амийг хороосон хэргээр 6-р сарын 14-нд  Гомел мужийн шүүхээс цаазаар авах ял оногдуулсан юм. Шүүх ажиллагаа хэрэгтний сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч үзээгүй зэргээр шударгаар шүүгдэх эрхийг нь зөрчсөн хэмээн үзэж түүний өмгөөлөгч давж заалдсанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Беларусь нь Европын улсуудаас цаазаар авах ялыг хэрэглэж байгаа цорын ганц орон юм. Одоогоор цаазаар авах ялтай өөр хоёр хүн байгаа ба өнгөрсөн жил хамгийн багадаа гурван хүний ялыг гүйцэтгэжээ.

 

Эмнести Интернэшнл байгууллага Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгчид хандан цаазаар авах ялыг халах чиглэлийг баримтлан яаралтай гүйцэтгэлийг зогсоохыг дахин шаардаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top