Жилийн хамгийн аюултай салхи буюу Хайан хар салхи цагт 235км хурдтайгаар Филлипин улсыг дайрч байна. Филлипины ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар хар салхи Самаар мужийн зүүн хэсгээр дайрч өнгөрсөн бөгөөд Нийслэл Манилаг дайрахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Гамшигаас сэргийлж орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд болон албан газрууд үйл ажиллагаагаа зогсоож, мянга мянган иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсээр байна. Өнгөрөгч 10 сард Филлипин улсад 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 200 гаруй хүн амиа алдаж 5000 гаруй хүн одоог хүртэл орон гэргүй байгаа билээ. Сар хүрэхгүй хугацаанд дахин байгалийн гамшиг тохиож, аймшигт хар салхи дайран өнгөрч байгаа нь эдгээр орон гэрээ алдсан хүмүүст төдийгүй орон даяар үлэмж хохирол учруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Хайан хар салхи 2012 онд гарсан Бофа хар салхинаас ч илүү их хохирол учруулж болзошгүйг анхааруулж байгаа юм. Энэ асуудлын талаар Филлипины ерөнхийлөгч Акино ард иргэддээ хандан мэдэгдэл хийжээ. Тэрээр ард иргэдийг хар салхи дайрч болзошгүй газар нутгаас яаралтай шилжиж, тайван байхыг анхааруулсан ба ачааны онгоц, цэргийн зориулалтын нисдэг тэрэг болон 20 гаруй тэнгисийн хөлөг онгоц бэлэн байдалд байгааг мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )