Голуудын өнгөн хэсэг хөлдсөн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс цаг агаар хүйтэрч байгаа. Үүнээс үүдэн томоохон гол, мөрний ус хөлдөж эхлээд байгаа гэнэ. Идэр, Чулуут, Хануй, Суман, Тамир голын усны түвшин өнгөрсөн хугацаанд аажим буурсан ба  өнгөн хэсэг нь хөлджээ. Харин Хүдэр, Хараа, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Туул зэрэг голуудад мөсний үзэгдэл хараахан ажиглагдаагүй захаасаа зайрмагтжээ. Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган болон эдгээр голын цутгал голууд болох Сагсай, Харбут, Чигэртэй, Турган, Дундцэнхэр, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Түй, Байдраг, Шаргалжуут, Онги, Таац зэрэг голуудад мөсөн зах үүсч, зайртаж байгаа аж. Увс нуурын сав газрын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голуудын өнгөн хэсэг хөлдсөн байна. Онцгой байдлын ерөнхий газраас томоохон голоор гатлахдаа гүүр, гармаар гарахыг сануулж байна. Учир нь томоохон голуудын өнгөн хэсэг хөлдөж доогуур ус гүйж байгаа энэ үед явган болоод тээврийн хэрэгслээр гол гатлах гэж байгаад осолдох тохиолдол олон гардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top