АТГ Г.Энхтайваныг дууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Авилгатай тэмцэх газрын  Хяналт шалгалт,дүн шинжилгээний хэлтсийн эх сурвалжийн хэлж буйгаар Стандартчилал,хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Энхтайваныг шалгаж байгаа юм байна. Түүнтэй холбоотой гомдол нэр бүхий иргэдээс ирүүлсний үндсэн дээр шалгаж байгаа гэлээ. Г.Энхтайваныг Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хянан шалгаж байгаа юм байна.

 

Г.Энхтайван  тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа нэр бүхий албан тушаалтнуудтай хамтран өөрийн найз “Дако” ХХК-ийн захирал Д.Дашдаваатай үгсэн тохиролцож 2011-2013 онд уг компанийн нэр болон дансыг ашиглан зах зээлийн үнээс үлэмж дээгүүр үнээр 8 ширхэг автомашиныг нийт 205.5 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Мөн 9.5 сая төгрөгийн үнэтэй монгол гэрийн иж бүрдлийг 20 сая төгрөгөөр “Уянга хийц өргөө” ХХК-иас худалдан авсан байна. Стандартчилал хэмжилзүйн газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансыг ашиглан гадаадын байгууллагуудаас хууль бусаар мөнгө гаргуулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан албан тушаал буюу албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан  гэмт хэргийн шинжтэй байж  болохыг хуулийн байгууллага шалган тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top