“MCS” компанийн зөвшөөрөлгүй барилгыг зогсоох акт гаргасан ч барилгын ажил хэвийн үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Сүхбаатар дүүргийн I хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд байрлах Олимпийн гудамжны есдүгээр байрны барилгад цууралт үүсээд удаж байна. Энэ байрны урд “MCS” компанийн барилга баригдаж байгаа. Энэхүү барилга баригдаж эхэлснээс хойш есдүгээр байранд цууралт үүссэн хэмээн оршин суугчид эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Одоогоор “MCS” компанийн баригдаж буй барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэхүү газрыг “МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбат амины орон сууцны чиглэлээр ашиглаж байсан, одоо үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй”  хэмээн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна. Тус барилгын гадаа нь очиход дотор нь ажилчид ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. “MCS” компани нь есдүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайд өнгөрсөн зургадугаар сараас эхлээд барьж эхэлсэн юм байна. Энэхүү барилга нь олон дүрэм журмыг зөрчиж байгаа. Тухайлбал, дулааны төв шугамтай ойрхон байгаа мөн зөвшөөрөлгүй учраас оршин суугчид цаашид эсэргүүцсээр байх болно гэдгээ хэлж байсан юм.

 

Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас тодрууллаа.

 

-“МCS компанийн барилгаас болж есдүгээр байранд цууралт үүсэж эхэлсэн гэж яригдаад байгаа. Цууралтын хэмжээг албан ёсоор тогтоосон уу?

-“М Си Эс Пропертийз холдинг” компани нь МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбатын барилгын суурин дээр 25 давхар оффис, үйлчилгээний зориулалттай байшинг барьж эхлээд байна. Энэхүү барилгыг есдүгээр байрны оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь оршин суугчдын нар үзэх боломжийг хааж байгаагаас гадна есдүгээр байрнаас 2 метр зайтай хашаа хатгаж сууриа тулгаад цутгалт хийгдээд явж байна. Энэхүү 25 давхар барилга нь ямар ч зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн. Мөн муугаар ярихад есдүгээр байранд гал гарлаа гэхэд галын машин, мөн түргэний машин орох боломжгүй болох гэж байна. Үүнээс гадна есдүгээр байрны чанарт нөлөөлж эхэлсэн байрны суурь доошоо суугаад байранд цууралт үүссэн. Цууралтыг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

-Цууралтын хэмжээ нь яг хэд байна вэ?

-Одоогоор цууралт хэмжигч багаж тавиад ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газраас ирэх оны зургадугаар сарын нэгэн хүртэл долоо хоног тутам цууралтыг хэмжихээр болж байгаа. Оршин суугчдын ярьж байгаагаар барилга барьж эхэлсэнээс хойш цууралт тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд одоо 10 гаруй см цуурсан байдалтай байна.


-MCS-ын барилгыг та зөвшөөрөлгүй гэлээ. Бүх зүйл нь хууль зөрчсөн. Тухайлбал барилга барьж эхлэх үндэслэлгүй юм байна?

-Оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нөгөө талаараа барилга барих ямар ч зөвшөөрөлгүй байгаа. 17 буюу түүнээс дээш барилга барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл олгох ёстой. Мөн зураг төслөө боловсруулаад барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулж дүгнэлт гаргуулах мөн дараагаар нь Барилга хот байгуулалтын яамнаас барилга эхлэх зөвшөөрөл авах ёстой. Энэ бүхнийг зөрчиж барилгын ажлаа эхлүүлсэн байгаа.

-Одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна шүү дээ. Барилгыг акталсан гэсэн?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас оршин суугчид, СӨХ-ний гомдлыг үндэслээд  барилгыг акталсан байгаа. Гэхдээ тус барилгын ажилчид хүнд даацын машинаа оруулахгүй байгаа боловч дотор ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Оршин суугчид зөвшөөрөлгүй барилга бариулахгүй хэмээн эсэргүүцэхэд сүүлдээ барилгын суурь цутгах ажлаа хүчээр хийж эхэлсэн. Ингэхдээ  “MCS” компани нь 50 хамгаалагч авчирч оршин суугчдын эсэргүүцлийн дарж байгаад цутгалтаа хийсэн ийм үйл явдал болсон.  

-Мөн энэ барилга нь Гэрлэх ёслолын ордны газрыг зөвшөөрөлгүй авсан гэж яригдаад байгаа. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-“Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн жигүүрийг хашаа хатгаад контейнер байрлуулсан байгаа. Бид нарт хэлэхдээ барилга баригдах хугацаанд түрээслэж байгаа гэсэн хариулт өгсөн. Гэтэл “MCS”-ын 25 давхар барилгын зураг төсөл дээр “Гэрлэх ёслолын ордон”-ы ёслолын талбай нь тэр чигээрээ машины зогсоол болоод хувирчихсан байгаа. Гэрлэх ёслолын ордноос одоо болтол чимээгүй байгааг бодоход тохиролцсон болов уу гэсэн ойлголттой байна. Тэгэх ч байх гэж бодож байна. Яагаад гэхээр энэхүү 25 давхар барилга баригдах юм бол машин зогсоол хийх өөр газар байхгүй.


 

Б.АНХТУЯА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.218) 2025 оны 03 сарын 13

Монголчуудаа М.си.эс гэдэг компани нэртэй бүгдийг худалдаж аваад гадны гар хөл бологчид биднийг доромжилж мөнгөөр бүгдийг шийдэн гээдэнэ оронг эзэнгүй болгох том бодлого хийж байна шүү дээ. босгосон барилга болгонй ард гадна эзэд одоо бүр жирийн иргэдийн амьдрах эрх рүү халдаад дахиад очирбатын хашаанд барилга бариад эхэллээ. сэрэмжтэй байхгүй бол маргааш тантай энэ явдал давтагдана шүү

1  |  0
Zochin(202.5.197.26) 2025 оны 03 сарын 13

Yamar hanaj tsaddaggui baliar novshnuud bee. bolimoor yumaa yahaaraa zuvshuurulgui engej olon eserguitsliig ul toon buh /bull/ shig dairaad bdgiin bolo

1  |  0
Close menu