Нийслэл хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайд баригдаж буй олон барилга байдаг. БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвхүү мөн мэргэжлийн хяналтын алба, цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайд баригдаж байсан барилгыг нураасан талаар мэдээлэл өмнө нь хүргэж байсан. Тус дүүргийн төв хэсгийн гол гол нийтийн эзэмшлийн талбайд баригдсан нэлээд хэдэн барилга байгаа аж.
Үүнд тус дүүргийн 25-р хорооны “Сандэй” плаза худалдааны төвийн замын эсрэг талд ФМ 107 байрны гадна талбайд явган хүний зам дээр “Жаргалан” төвийн хоёр давхар Солонгос барааны дэлгүүр, мөн хажууд нь байрлах цэцгийн дэлгүүр, контейнер байрлуулсан үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ барилгууд нь бүгд нийтийн эзэмшлийн явган хүний зам талбай дээр баригдсан байгаа юм. Барилгын урдуур хоёр хүн зэрэгцэж явах боломжгүй болжээ. Тус дэлгүүрийн эзэнтэй холбогдож хэзээ зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад “Манайх өмнө нь жижиг ТҮЦ-ээ буулгаж өнгө зүсээ сайжруулах тал дээр анхаарч хоёр давхар дэлгүүр барьсан” гэв. Хэдийгээр барилга барих зөвшөөрөлтэй ч гэсэн барилга, байгууламж барихдаа явган хүний зам дээр давуулан барьсан нь асуудал үүсгээд байна.
Мөн тус дүүргийн XII хороо Чулуун-Овоонд байрлах “Номин” худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам хаасан барилгыг шинээр барьж эхлээд байгаа аж. Энэхүү барилгын үйл ажиллагааг БЗД-ээс захирамж гарган зогсоосон байна. “Дон Боско” МСҮТ-ийн урд байрлах энэхүү барилга мөн явган хүний зам давуулж барьсан байдалтай байна.
Тус барилга нь үерийн усны жалган дээр баригдаж байгаагаас гадна явган хүний гарцыг таглаад дөрвөн давхар овъект барьж эхлээд байгаа юм. БЗД-ийн IV хороо “Отгон тэнгэр” их сургуулийн хажууд байрлах “Гэр бүлгийн дэлгүүр” мөн л нийтийн эзэмшлийн талбайд баригдсан байв. Тус дэлгүүр нь явган хүний замыг 80 см давуулан барьжээ. Хоёр давхар энэхүү дэлгүүр нь доод давхартаа супер маркет, дээд давхартаа электрон бараа зардаг аж. БЗД-ийн ажлын хэсгийнхэн дэлгүүрийн эзэнтэй уулзаж ирэх жил нураахаар болжээ. Мөн тус дүүрэгт XIII хороо 84 дүгээр сургуулийн урд талбай, 13 дугаар хороолол 18-р байрны хойд хэсэгт цэнхэр хашаа хатгасан байна.
Мөн VII-р хороо Хаан Палас-ийн зүүн урд хэсэг явган хүний зам хаасан байдалтай байна. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайд баригдсан барилгууд нь бүгд явган хүн явах эрхийг ноцтой зөрчжээ. Энэхүү барилгуудад дүүргийн ЗДТГ-аас шаардлага хүргүүлж ирэх хавраас нураана гэдгийг албаны хүмүүс хэллээ.
БЗД-ийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.
-Баян зүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан хичнээн барилга байна вэ. Энэ барилгуудад ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбай дээр маш их барилга баригдсан байна. Шинээр Засаг дарга томилогдоод ажлаа авснаас хойш дөрвөн байршлын газар нийтийн эзэмшлийн зам талбай дээр барилга барьсан. Үүнд манай Засаг дарга өөрийн биеэр яваад газрын алба, цагдаагын байгууллагатай хамтраад нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл авсан газрын эхнээс тоног төхөөрөмж гаргаад хашааг нь нураасан. Дүүргийн хэмжээнд ямар эрх мэдэл байна түүнийгээ ашиглаад ирэх жилээс тус барилгуудыг нураах болно.
-Ашиглалтанд орсон олон давхар барилгуудыг ч бас ирэх жилээс нураана гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Нийтийн эзэшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа барилгуудын эздүүдэд шаардлага хүргүүлнэ. Одоо өвлийн улирал ирж байгаа учраас хавраас эхлээд нурааж эхлэнэ. Дахиж манай дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн зам талбайд барилга баригдах асуудлыг бүр мөсөн зогсооно.
-Зөвшөөрөл өгсөн дарга нарт ямар хариуцлага тооцох вэ?
-Зөвшөөрөл өгсөн өмнөх Засаг дарга, эрх мэдэл бүхий хүмүүст тухайн барилгын эздүүд хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль хүчний байгууллагаар шийдүүлэх л хэрэгтэй. Бидний зүгээс үндсэн шаардлагаа тавьж хууль дүрэм журмаа биелүүлж ажиллана.
-Та бүхэн эрхийнхээ хүрээнд тухайн газрын зөвшөөрлийг нь цуцлах эрх байгаа юу?
-Явган хүний зам гарц дээр барилга барина гэдэг өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Энийг үндэслэж газрын зөвшөөрөлийг нь цуцлуулна.
Б.АНХАА

Сэтгэгдэл ( 4 )
Nuraana gdg zov shde. Gol n yavgan hunii yavah talbaig humsalj tureeslene gj yu bhav. Yavgan hun yavdag talbaig gargasan bol asuudalguishd.
Odcon-techteitohiroltsvol 100 ailin zamig orgotgoj bolno doo.
ENHBOLDIIN BELEGLESEN MUNGUN ZAVYA HETERHII YAVGAN HUNII ZAM RUU ORJ ODOO BUUR URAGSHAAGAA URGETGEJ BAIGAA.ENE SHUDRAGA BIZNES BISH.ARDCHILSAN OROND MUNGUN ZAVYAGIIN EZEN GARIIN USEG ZURJ UGSEN ENHBOLDTOIGOO HAMT SHIITGEGDDEG YUM.