Зүүн өмнөд хязгаарыг зорьж, торгон хилээ эргэсэн нь

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Сэтгэлийн дуудлагаар...

Зам дагуу намрын гоёлоо өмссөн байгаль ээж аян замдаа сайн явахыг ерөөх мэт амгалан налайна. Машин дотор нутгийн, хүүхдийн, цэрэг эрсийн сэдэвтэй мөн 80, 90-ээд оны үеийн дуунууд хөвөрч, цоглог инээд, сэтгэл шингэсэн яриа үл тасарна. Энэ бол Сүхбаатар аймгаас гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэмийн наран ургах зүгт орших нутгаа зорьсон аялал байлаа.

Намартаа “Хунгийн чуулган”, “Янзаган хүрээ” гээд байгалийн сонирхолтой үзэгдлүүд өрнөх нь энэ л нутгийн онцлог. Эдгээр гайхамшгийг үзэж, сэтгэлээ баясгах гэж, мөн жилийн дөрвөн улирлын турш төрийн тахилгат Алтан овоонд хувь заяагаа даатгаж, эрийн хийморийг сэргээх Шилийн богд дээр гарч, эрч хүч авахаар газар газрын хүмүүс манай нутгийг зорьсоор аяны харгуй хэдийнэ бий болжээ. Бидний хувьд Сүхбаатар аймгийн Мөнхаан, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан сумд, “Бичигт” боомт болон ӨМӨЗО-ны Улиастай хотыг хамран, 5 шөнө, 6 өдрийн аялал хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь нэлээд шахуу хөтөлбөр байлаа. Энэхүү аялалаар бид юуны өмнө нутгийнхаа намрын өнгийг тольдон, их хотын стресс, ажлын алжаалаа тайлж авахыг хүссэн. Ингэхдээ эко аялал хийж, байгаль дэлхийтэйгээ зохистой харьцаж явахыг нийт аялагчдад уриалахыг зорьсон билээ. Мэдээж, сэтгүүлч хүн үзгээ барихад хэзээд бэлэн байдаг болохоор олж харсан асуудлуудаа хөндөж бичих нь бидний хамгийн гол зорилго.

Гэгээ цацруулах гэр цэцэрлэгийн хүүхдүүд


Өглөөний зургаан цагт нийслэлээс хөдөлсөн бид замдаа бүлгэмийнхээ лого бүхий малгай, энгэрийн тэмдгээр ижилсэн гоёж, машинаа хүртэл “тамгалаад”, дуутай шуутайхан явсаар үдийн алдад Өндөрхаан хотод орж ирлээ. Энэ үед нутгаа эргэхээр явж байсан Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан таарч, бидэнтэй нэгдэн, цааш замд гарав.

Мөнххаан суманд хүрч ирээд, хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгт зочиллоо. Эрхлэгч Д.Ариунмөнх нь "Бумбаалай" хэмээх цэцэрлэгээрээ нэрлэсэн блог хөтөлж, твиттер, фэйсбүүкийг идэвхтэй ашигладаг нэгэн бөгөөд цахим ертөнцөөс "Талын түрлэг" аялалын талаар мэдээлэл авснаар бидэнтэй холбогдсон юм. Тус цэцэрлэг одоогоор 250 хүүхдийн багтаамжтай. Тал хувь нь байшинд байрладаг бол үлдсэн тэн хагас нь гэр цэцэрлэгт байрладаг аж. Тус бүртээ 25 хүүхэд багтаасан, халуу дүүгсэн гэр ангиудад ороход, ээж аавын эрдэнэ, эх орны ирээдүй болсон эгдүүтэй бяцхан үрс дуулж, бүжиглэж, үлгэр уншсаар биднийг угтсан юм. Халуун дулаан уур амьсгалтай, аз жаргал гийх эдгээр гэрүүдэд нэг зүйл анхаарал татлаа. Хүйтэн, сэрүүний улирал тул галлахаас өөр аргагүй. Төмөр зуухыг тойруулан модон хашлага хийсэн ч амсар тал нь задгай харагдсан юм. Багшийн анхаарал өчүүхэн төдий өөр зүгт хандах агшинд хэн нэгэн нь халуун зууханд гар, хөлөө хайрахгүй гэх баталгаа алга. Энэ мэт сул тал гэр цэцэрлэгт байх тул шинэ байр ашиглалтад орохыг хүлээсэн хүн олон. Сумын төвд баригдаж буй цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор гэр цэцэрлэгийн хүүхдүүд тохь тухтай байранд сурч хүмүүжин, тоглож наадах боломжтой болох нь. Ямартай ч өөрсдийн бололцоогоо дайчлан цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж байгааг нь үнэлүүштэй санагдав. Одоогийн байдлаар сумынхаа цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 70 орчим хувийг цэцэрлэгт хамруулаад байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт аж.

Дуу хуур цангинуулсан хүүхдүүдтэй хэсэг бужигналдсаны дараа Мөнххаан сумын уугуул, “замын хань” Б.Жавхлан бидэнд сумынхаа хөшөө дурсгалуудыг танилцуулж, утга учрыг нь тайлбарлаж өгсөн юм. Ингээд үдшийн гэгээ тасрах үеэр аймгийн төв буюу Баруун-Урт сумыг чиглэн хөдөллөө.

Улсын нийслэл “ойртсоор” ...


Харуй бүрий ч гэлээ Мөнххаанаас аймгийн төв хүртэл зам барилгын ажил хийгдэж байлаа. Нэгэнт гэгээ тасарсан тул манайхан фото болон видео зураг авалтыг буцах замдаа хийхээр шийдэв. Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлд 132,6 км замын барилгын ажлыг "Арж капитал" ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2014 оны 11 сард дуусгах ёстой ч мөн оныхоо долоодугаар сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа хэмээн замын ажилтан хэлж байлаа. Энэ чиглэлийн зам нь эхний ээлжинд улсын нийслэлтэй холбох зургаан аймгийн тоонд багтаагүй ч аймаг, орон нутгийн удирдлагууд идэвх санаачилга гарган хөөцөлдсөний үр дүнд урьдчилан санхүүжилт олж, замын ажлыг эхлүүлээд байгаа нь энэ.

Үүнийг бичигч би вээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өссөн нэгэн бөгөөд одоогоос хориод жилийн өмнө оюутан байхдаа энэ замаар Баруун-Урт, Улаанбаатарын хооронд тухайн үеийн шуудан болох УАЗ-53 машины задгай тэвшинд зоосон модон сандал дээр суугаад 30 орчим цагийн турш явж байсан удаатай. Тэгэхэд улсын нийслэл дэндүү хол санагдаж, “Баян болохоороо аймгаа хоттой холбосон зам тавина даа” гэж мөрөөдөж байсан сан. Саяхан мэт санагдах энэ мөрөөдөл маань өдгөө миний оролцоогүйгээр ч гэсэн биелэлээ олж байгаад баярлах багадна. Улаанбаатар, Баруун-Уртын хооронд 560 км бөгөөд нийслэлээс Өндөрхаан хүртэл засмал зам тавьснаар нэгэн цагт 30 цаг туулдаг байсан энэ замыг одоо 8-10 цагт туулдаг болжээ. Үлдсэн хэсгийн замыг тавьснаар энэ хугацаа улам багасна. Улсын нийслэл улам л “ойртох” шиг.

Оройн 21 цагийн үед аймгийн төвд орж ирлээ. Баруун-Уртад ажил албаар очих улсаас эхлээд Шилийн богд, Алтан овоог зорих аялагчдын хөл үл тасрах тул зочид буудлууд ч захиалга ихтэй болжээ. Аялалын багийн гишүүн Д.Болорцэцэг маань урьдчилж байр захиалсан тулдаа бид аймгийн захиргаанд байрлах “Нийтлэг” зочид буудалд төвхнөж дөнгөв. Маргааш нь өглөө эртлэн босч, захиргааны урд байрлах Сүхбаатарын талбайг тойрон гүйж, өглөөний дасгал хийцгээлээ. Ингээд бидний  аялал цааш үргэлжилж, Дарьгангыг зорьсон юм.

Эко аялал


Өмнө хэлсэнчлэн бид эко аялал хийх тал дээр онцгой анхаарсан. Баруун-Уртаас баруун урагш 60 км зайд “Жарын овоо” хэмээн нэршсэн газар хожим Чонын хөшөө босгосон байдаг. Зураач, барималч н.Оргилсайханы бүтээсэн эл хөшөө ирж, буцаж буй хүмүүсийн аян зам хийморьтой байхыг бэлгэдэх аж. Хөшөөний хажуугаар өнгөрөх аялагчид энд заавал саатан зогсох агаад тэдний овоо болон хөшөөнд өргөсөн “өргөл”-үүд салхинд хийсэн, хог болж, орчны газрыг бохирдуулсан байдалтай байв. Бид хотоос гарсан цагаасаа л аялалын турш буусан газрууд, уул овооныхоо дэргэд хуримтлагдсан хог хаягдлуудыг түүж цэвэрлэж явсан юм. Авч гарсан хоёр боодол хогийн уут маань дуусч, замын дэлгүүрээс нэмж тор худалдан авч, хогоор дүүргэж явлаа. Хог хаях зориулалтын цэггүй газар нь бид торонд хийсэн хогнуудаа боломжоороо машиндаа ачиж яваад, төв суурин газарт хүрэхдээ хогийн бункерт хийж байв. Зарим газар хогийн бункер байрлуулсан ч хэмжээ нь багадсанаас савнаасаа хальж, салхинд туугдан, талаар нэг хөглөрнө. Томоохон бункер байрлуулсан ч гэлээ ойр ойрхон ачиж зөөвөрлөж байхгүй бол ялгаагүй л амсраа хальж, тарна гэдгийг орон нутгийн удирдлагуудын чихэнд хүргээд амжсан.  

Нутгийн “брэнд”


Дарьганга бол Сүхбаатар аймгийн “брэнд”. Хол, ойрын гийчид бүгд л энэ нутгийг үзэх гэж хошуурна. Шилийн богд, Дарь уул, Ганга нуур, Оргихын булаг, Дуут нуур гээд нэр нь хүртэл яруухан, дуунд мөнхөрсөн уул, ус хэн хүний сэтгэлийг татна.

“Талын түрлэг” бүлгэмийн аялагчид Баруун-Уртаас 180 км давхиад Дарьганга сумын төвд хүрч ирлээ. Сумын төв аймгийн төвтэйгээ нэгэн адил жишиг хороололтой болж, өнгө зүс нэмсэн харагдана. Алтан овооны урд бэлд явган зорчигчдод зориулсан цэлгэр талбай, машины зогсоол шинээр барьсан байлаа. Гэсэн хэдий ч хол, ойрын зочдын сонирхлыг татахуйц шинэлэг үйлчилгээ гэх зүйл ажиглагдсангүй. Хэнтий болон баруун аймгуудаар аялахад зам дагуу түүсэн жимс, ааруул, айраг гээд аяны улс сонирхож болох бүхнийг хүмүүс худалдаж байдаг. Харин Сүхбаатарчууд иймэрхүү ажилд нэлээд хойрго ханддаг. Дарьганга бол аялал жуулчалыг өндөр түвшинд хөгжүүлж болох газар. Энэ нутагт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө одоогоор цаасан дээр байгаа ч ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

Биднийг сумын төвийн баруун урд байрлах амралтын газар үдлэх үеэр “Дарьганга” пионерийн зуслангийн захирлаар ажиллаж байсан Д.Дугарсүрэн гуай хүрч ирсэн юм. Цагийн аясыг дагаж,  улсын захиалгаар тарвага, зурам тэргүүтнийг нэлээдгүй агнаж, тушааж явсан тэрбээр өөрийгөө “Байгальд өртэй хүн” хэмээн нэрлэж, өрөө төлөхийн тулд хийж байгаа ажлаасаа сонирхууллаа.   Юуны өмнө ховордож, улаан номонд орох нь холгүй болоод  байгаа тарвагыг нутагшуулсан нь чамгүй өсч үржиж байгаа аж. Мөн нутгийн настнуудын хамт Алтан овоог тойруулж, 108 суварга босгохыг  эсэргүүцэн, 108 мод тарьсан байна. Д.Дугарсүрэн гуайн сайн дурын ажлууд байгаль хамгааллаас хальж, хүний төлөвшлийг ч “онилжээ”. Тэрээр нутгийн залуусыг архинаас гарахыг уриалж,  жилийн турш архи амсаагүй хүмүүсийг Хамрын хийд рүү аялуулахаар амласан бөгөөд болзол хангасан эхний 16 хүнийг хэдийнэ аялуулжээ. Дараагийн ээлжинд мөн л арван зургаан хүн явах гэнэ. Нэг ээлжинд 16 хүн аялуулдгийн учир микро автобусны багтаамжаас шалтгаалж байгаа аж.

Дарьгангын амралт үзэсгэлэнт Зэгст нуурын хөвөөнд байрлана. Нуурын тэхий голд гурван метр орчим өндөр ургасан зэгсэн судал байх агаад бяцхан дэгдээхэйнүүдээ дагуулсан хос хун  зэгстэй хэсгийг эмжин хөвнө. Зэгст нуурын баруун эрэг дээр байх пионерийн /хуучнаар/ зусланд бидний үеийн хүүхдүүд жил бүр амардаг байж билээ. Тэгэхэд мөн л цөөн хэдэн дэгдээхэйгээ дагуулсан хос хун энэ нууранд хөвж байдаг сан. Баруун-Уртаас хөдлөх үед хөтчийн үүрэг гүйцэтгэхээр бидэнтэй нэгдсэн зураач, СТА Ё.Бадарч гуайн хэлснээр энэ хэдэн шувуу сүүлийн 40-50 жилийн турш Зэгст нууранд амьдарч, хүйтний улирал ирэхэд ч умрыг зорилгүй эндээ өвөлждөг гэнэ. Хун шувуу 70 насалдаг гэдэг болохоор үнэний хувьтай ч байж мэднэ.

Аймгийнхаа бүх сумдаар, ялангуяа Дарьганга нутгаар насныхаа тооноос олон удаа хөндлөн гулд хэрэн хэсч, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ үүх түүхээ судалж явсан Ё.Бадарч гуай олж мэдсэн бүхнээ бидэнтэй харамгүй хуваалцан, аялалыг улам сонирхолтой болгож, аяны богцод “хачир” нэмж байлаа.

Ганга нуурын үдэш гайхалтай

Газрын диваажин мэт ер бусын


Аялалын багийнхан Зэгст нуураас хөдлөөд, Алтан овоогоо эргэж, мөргөл үйлдсэний дараа Ганга нуурыг зорилоо. “Хунгийн чуулганыг зорьж үзэж болдоггүй юм гэнэ лээ” гэсэн үг манай нутгийнхны дунд амнаас ам дамжсаар удсан. Хэзээ, хэн, яагаад ийм  яриа гаргасныг мэдэхгүй ч “Айхгүй ч аягүй” гэгчээр зорьж очиж чаддаггүй байлаа. Гэвч хотод амьдарч байгаа бидний хувьд хэзээ нэг өдөр зорьж л очихгүй бол санаандгүй таарна гэж байхгүйгээс хойш элдэв зүйл бодолгүйгээр зорин очихоор сэтгэл шулуудсан нь энэ билээ. Ганга нуурт ойртох тусам багийнхны маань сэтгэл хөвсөлзөж, догдолно. Зам нуурын эрэг дагуулж хөтлөх үед манайхан тус  тусын камераа барин, буух гэж яаран жолоочийг сандаргана. Ё.Бадарч гуай “Та нар жаахан тэсээрэй. Тэр өөд зураг авахад тохиромжтой өндөрлөг газар бий” хэмээгээд жолооочид зам заана.  Ийн явсаар Ганга нуурын зүүн өмнөд эрэг дээр ирж, бууцгаалаа.

Тэртээ баруунтаа тэнгэрийн хаяанаа улаан, шаргал өнгөөр солонгорон хэвийх нарны тусгал нуурын усанд үзэмж нэмэхийг харахуйяа “Ганга нуурын үдэш гайхалтай юм, газрын диваажин гэж энэ л байх даа” хэмээн сэтгэлдээ дуун алдаж билээ. Манайхан бүгд л хөөрөн баясч, “Ямар азаар энд ирээ вэ, ийм сайхан агшныг үзээгүй өнгөрсөн бол яасан харамсалтай юм бэ” хэмээн  энд тэнд шүүрс алдан өгүүлэх сонсогдоно.

Уг нь бид хун шувууд хамгийн олноор чуулсан газар буусан боловч баярлаж хөөрсөн бидний дуу чимээнээс шувууд үргэн дайжиж, алгуурхан цаашилна. Гэрэл зургийн хоббитой “хашир” Анжгай маань нуурын эрэг даган, шувуудын хойноос сэмхэн гэтэх нь ан хөөхөөр улайрсан анчин мэт харагдана. Би ч тэсэлгүй хойноос нь дагалаа. Нуурын эрэг намагтай, усны гутал өмсч гарсан тулдаа намаг дундуур туучсаар Анжгайг гүйцэж очлоо. Мань хүн усны гуталгүй, өмднийх нь шуумаг дороосоо төө хэртэй норсон байсан ч түүнийгээ анзаарах сөхөөгүй шувуудтай хөөцөлдөнө. Намайг дэргэд нь очиход сая л анзаарч хараад “Би ч их олзтой явна шүү” хэмээн сэтгэл дүүрэн өгүүлж байлаа.

Миний хувьд өнгөрсөн намар яг энэ үеэр гэр бүлээрээ Дарьганга нутгаа зорин аялж байлаа. Тэгэхэд Ганга нууранд 3000 орчим хун шувууд чуулж байсан юм. Явуулын бид юугаа мэдхэв, нутгийн иргэд нүдэн багцаагаар тоолчихдог юм байна лээ. Харин  энэ удаа би Ганга нууранд чуулах шувуудыг 2000 орчим болов уу гэж харсан.


Нэгэн цагт 5-10 мянган хун чуулж, нуурыг бүхэлд нь хучдаг байсан тухай нутгийнхан ярьдаг. Харин сүүлийн жилүүдэд чуулах хунгийн тоо буурах болсныг учир мэдэх хүмүүс нуурын ус татран дундарч буйтай холбон тайлбарладаг. Нуурын ус ширгэж байгаа нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа болон цөлжилттэй холбоотой гэж судлаачид үзсэн. Хоёр жилийн өмнөөс “Мөнхчулуун” сангийн санаачилгаар хэсэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж, нуурын  усны түвшинг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж байсан ч уг төслийг хэрэгжүүлэх ажил хөрөнгө мөнгөн дээрээ гацчихаад байгаа бололтой.

Шувууд өдөртөө ойр орчмын нууруудаар “сэлгүүцэж” байгаад, оройдоо Ганга нууранд цугларах болсон тухай нутгийн хүнээс сонсч байсан. Энэ жилийн хувьд ихэнх шувууд Эрдэнэ уул нууранд чуулж байгааг ч мөн хэлж байв. Харин бид цааш явалгүйгээр Гангынхаа эрэг дээр шувуудтай найзалсаар нэлээд саатав.

Энэ үед “Талын түрлэг” бүлгэмийн гишүүн Б.Төгсжаргал, Б.Уугансүх нар биднийг зорин ирлээ. Төгсөө маань Дарьганга сумын уугуул, яруу найрагч, сэтгүүлч И.Батсүхийн охин бөгөөд үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчидтэй хамтран аавынхаа дурсгалд зориулж, нутгийнхаа тухай баримтат кино бүтээх ажилд ханцуй шамлан ороод байсан тул бидэнтэй хамт аялалд гарч чадаагүй ч сэтгэлээрээ хамт, замын турш холбоотой явсан юм. Төөрсөн төрөлтэйгээ уулзах мэт баярлаж хөөрсөн бид хамтдаа Ганга нуурын хажууханд байх Оргихын булаг дээр ирлээ. “Өвөлдөө гурван ес өнгөртөл хөлдөлгүй, бүлээн уур савсуулсаар байдаг гайхалтай булаг шүү. Би энэ булгийг амьтай гэдэгт итгэдэг ээ” хэмээн Ё.Бадарч гуай хуучаа хүүрнэсээр. Ганга нуур эх авдаг энэ булаг дуунаар оргилдгоороо алдартай. Цоглог Төгсөө маань цовоо дуугаар аавынхаа тэрлэсэн “Хүн уул”, өөрийнхөө бичсэн “Дарьганга” шүлгийг уншиж, үдшийн нам гүмийг сэрээх шиг л болсон доо. Харин нэрт найрагч О.Дашбалбарын охин, сэтгүүлч Д.Мөнгөндалай маань “Би шүлгийг Төгсөө шиг гоё уншиж чадахгүй болохоор аавынхаа дуунаас дуулъя” гээд “Гэгээн наранд ойрхон өслөө” дууг эхлүүлэхэд манайхан араас нь түрлээ. Ийнхүү “Наран мандах нутаг”, “Дарьганга нутаг” гээд ар араасаа хөврөн эгшиглэх дуунуудын хэмнэлд Оргихын булаг маань улам хүчтэй оргилж, нутгийн тэнгэр дэх од мичид баясан бүжих шиг ... Дуундаа уярч, дурсамжиндаа хөглөгдсөн бид энэ жаргалтай хормыг удаан үргэлжлүүлэхийг хүсэвч цагийн зүүнд хөтлөгдөн, цааш Ламтын заставыг зорьлоо.

Торгон хил амгалан


Ганга нуурын хөвөөнд ганганан гунганах шувууд, Оргихын булгийн оргилох чимээнд хоргодон хоргодсоор болзсон цагаасаа нэлээд хоцрон, Ламтын хэмээн нэршсэн хилийн дугаар заставт ирэхэд хилчид маань халуун дотноор угтан авч, ширээ дүүрэн зэхсэн идээ будаа, амтат хорхогоор дайлав. Оройн хоолны дараа хэсэг нөхөд маань хилийн манаанд зогсоо харуулын цэргийг эргэхээр заставын урд орших уул өөд авирлаа. Уулын бэлээр агаар тогтуун байсан ч дээш авирах тусам салхины эрч ширүүснэ. Харуулд гарч буй цэрэг биднийг дагуулж очсон ахмадад ёслон, хил амгалан байгааг илтгэлээ.  Түүнийг н.Мөнгөнтулга гэнэ. Сэтгүүлчийн тавьсан зарим асуултад “цэргийн нууц” хэмээн эвтэйхэн бултах тэрээр камерын өмнө хэвлүүхэн ярих бөгөөд боломжийг ашиглан, Дорноговь аймагт суугаа ээж, эмээ хоёртоо мэнд хүргээд амжиналээ. Намрын дунд сар шувтарч байхад хилчид зуны хувцастайгаа байлаа. Өвлийн хувцас өмсгөл нь ирсэн хэдий ч тушаал өгөхөөс нааш өмсөх эрхгүй гэнэ.

Биднийг харуулын цэгээс буцаж ирэхэд үлдсэн хэд маань замын хувцсаа солин, даашинзаа өмсөөд, заставын үдэшлэгт ороход бэлэн болсон байв. Зай багатай ч цэвэрхэн засч тохижуулсан Соёл хүмүүжлийн танхимд хилчид болон тэдний гэргий нар хэдийнэ цугласан байлаа. Ийнхүү үлээвэр хөгжмийн хэмнэлд “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”-ийг хөл нийлүүлэн бүжнэ хэмээн төсөөлж байсан бид “Ганнам стиль”-ээс эхлээд орчин үеийн дуу, хөгжимд “шавайгаа ханатал” бүжиглэж, нэгэн үдшийг үдлээ.

Үдэшлэгийн дундуур заставынхан хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, манайхан замд бэлтгэсэн цэрэг эрсийн дууны эвлүүлгээ сонирхуулж, гэнэтийн бэлэг барив. Цэргүүд хуваарийн дагуу 23 цагт амрах ёстой тул үдэшлэг тэгсгээд өндөрлөлөө. Маргааш нь бид өглөө эртлэн босч, цэргүүдийн өглөөний жагсаалыг сонирхоод, Шилийн богдыг зорин хөдөллөө. Заставын дарга Д.Энхтайван болон Онгоны отрядын ахмад С.Шүхэрт нар биднийг хүргэж өгсөн юм. Заставынхны ганц “ажлын шар” нь “УАЗ” маркийн ачааны зориулалттай пургон. 2007 онд үйлдвэрлэгдсэн энэ төмөр хүлгийн явдал нэлээд хатуу ч хөдөө нутагтаа тун тохиромжтой хэмээн эзэд нь ам сайтай байлаа.

Эрийн хийморийг сэргээх Шилийн богд


Би:

Шилийн богд ууланд

Ширдэглэж ургасан ганга өвс

Босгонд нь жиргэж дуулсан

Бор цармын бялзуухай

Зуун зууны турш

Зулайд нь цайсан үүрийн цолмон

Би:

Шилийн богд уулын

Шидэж тургисан хүрмэн чулуу

Энгэр биенээс нь өдөлж ниссэн

Эр бор харцага

Оройд нь тоглож эрхэлсэн

Очис бадруулагч одхон

Овоонд нь эргэж хийсгэсэн

Онгодын цагаан хийморь /М.Цэнд-Арслан/

Дарьгангын тал нутаг дахь 200 гаруй сөнөсөн галт уулсаас хамгийн өндөр нь Шилийн богд. Тийм ч учраас тал нутагт мандаж буй нарыг энэ уулнаас харахад хамгийн тохиромжтой байдаг. Үүнээс гадна найман зүгийн салхи энэ уулын оройд нийлэн эргэлдэж, маш хүчтэй эрчмийг үүсгэдэг гэж үздэг. Чухам ийм учир шалтгаануудын улмаас эрт урьдын шилийн сайн эрсээс эхлээд өнөө цагт ч газар газрын хүмүүс зорин ирж, ургах нарыг угтан золгож, хийморио сэргээдэг заншил тогтсоор удаж байгаа билээ.

Аялагч сэтгүүлчид маань хайрхан өөд уралдан өгсч, оройд нь гарав. Уулын оройд биднээс гадна олон хүн байлаа. Тэнгэрийн хаяанаас аажуухан ургах нарыг ширтэн, гараа алдлан, уухайлан зогсох олныг пис пас хийх гэнэтийн чимээ цочоов. Хэсэг залуус Шилийн богдын оройд гарч, хийморио сэргээснээ тэмдэглэн, салют буудуулсан нь тэр байж. Манай хэд тэдэн дээр очоод, “Ийм их салхитай байхад салют буудуулах юм бол хаа нэгтээ түймэр гарч болзошгүй гэдгийг та нар бодолцохгүй байна уу” хэмээн зэмлэх, учирлах зэрэгцүүлэн хэдэн үг чулуудсанаар залуусын хөөрцөглөл замхарлаа.

Хүний хөл үл тасрах уулын оройд шилэн овоолго бий болсон нь нүдэнд тусна. Манайхан халааснаасаа тор гаргаж ирээд, ажилдаа орцгоолоо. Нэг үеэ бодвол хүмүүс байгаль орчиндоо ээлтэй хандах болсон ч уул овоогоо шүтэж тахихаар ирэхдээ уут уутаар нь хог хаях ухамсаргүй аялагчид байсаар байгаа нь  харамсалтай.

Хилийн дээсэн дээр ...


Сүхбаатар аймаг урд талаараа 485 километрийн турш БНХАУ-тай хиллэдэг.  Хилийн дээсийг даган, баганууд байрлана. Энэ хооронд байрлах хилийн багануудаас бид Ламтын заставт харъяалагдах 999-р хилийн баганыг сонгон, зорин очсон юм. Шилийн богдын зүүн бэлийг ороож, зүүн урагш хүрмэн чулуу ихтэй, нэлээд бартаатай замаар явсаар Сэнжитийн харуулын байранд ойртон очиход, харуулын цэрэг угтан авч, амрыг эрэн, урьдчилж мэдэгдсэн биднийг дотогш нэвтрүүллээ. Сүрхий тохилог энэ газар “Жишиг харуулын байр”-аар тодорсон гэнэ. Дотогш ороход харуулын цэрэг камераар орчныг хянана. Хааш хаашаа 10 км зайд хяналт тавих боломжтой энэ камер нь дүрсийг төд дахин томруулан татах чадалтай гэнэ. Шилийн богд дээрх үйл явдлыг ч хянах боломжтой аж. Ямартай ч манайхан орчин үеийн  техник хэрэгсэл ашиглан, хилээ манах болсноор энэ салбарт дэвшил гарчээ.

Харуулын байрнаас гараад урдхан талд нь байх довцог өөд мацан, хилийн 999-р баганы дэргэд хүрч ирлээ. Ердөө хоёрхон алхмын цаана урд хөршид харъяалагдах газар харагдах бөгөөд “Нэгэн цагт бидний л нутаг байсан шүү дээ” гэх бодол харван орж ирэхэд, яагаад ч юм хөнгөн гуниг төрөв. Хоёр том гүрэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, газар нутгийг маань хойно, урдаас хүнтэй, малтай нь таслан авах тэр цагт “хадны дунд хавчуулагдсан хөөрхий зулзага” аятай юу ч хийж чадаагүй түшмэдүүдийг буруутгамаар ч шиг. Нөгөө талаар чамлахааргүй уудам нутгийг бидэнд өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ талархахгүй байхын аргагүй. Харуусах, омогших мэдрэмж зэрэгцэн төрөх нь нэг л соньхон.

Зочид хилийн баганы дэргэд зургаа авахуулж байх үед Заставын дарга Д.Энхтайван баганаас урагш хурууныхаа үзүүрийг гаргах төдийд л хил зөрчсөнд тооцох тул болгоомжтой байхыг анхааруулж байлаа. Ийн, хилийн баганыг сонирхож, алсын барааг ширтэн, хэсэг бужигналдаж аваад, Талын агуйг чиглэн хөдөллөө.

Талын гайхамшиг


Уулын агуй олон ч талын агуй нэн ховор, дэлхийн хэмжээнд мэдэгдээд байгаа нь хоёрхон гэдэг.  Нэг нь монголд, дарьгангын талд байдаг. Шилийн богдоос чанх хойш 18 км зайд орших Талын агуйд бид хүрч ирлээ. Шилийн агуйг зорин ирсэн хүн бүр Талын агуйд зочлох нь бичигдээгүй хууль гэлтэй.

Агуйн хажууханд “Талын цаг” компанийн “Талын агуй” жуулчны бааз байрлана. Байгалийн нэн өвөрмөц тогтцын хажууд бууриа зассан болохоор орчны газрыг хамгаалах үүргийг сайн дураараа хүлээсэн тус баазынхан агуйг тойруулаад хашаа хатгаад нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Ингэснээр агуйн орчимд автомашин давхиж, шинээр доргилт үүсгэхээс хамгаалж чадсан байна. Мөн агуйн ам болон доторхийг нь долоо хоног бүр цэвэрлэж,  хог хаягдлыг ангилан хадгалдаг аж. Манайхан газар газрын уул овоонд хадаг яндар өргөж хийсгэхээс гадна агуй дотор ч энэ “ёслол”-оо марталгүй үйлддэг аж. Тиймээс баазынханд агуйг хадгаас цэвэрлэх ажил бас нэмэгддэг гэнэ.

Талын агуй нь урт хугацааны турш анхны байдлаа хадгалж ирсэн ч сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хувиран өөрчлөгдөх болсон. 30 жилийн өмнө хүн босоогоороо багтдаг байсан амаар одоо  мөлхөж ордог болжээ. 250м урттай том агуйгаас 24м урттай үүдний танхим л үлдээд байна. Мөсөн хучлага жилээс жилд бага багаар нэмэгдэж байсан бол сүүлийн хэдэн жилд огцом нэмэгдэж, жилд 40-50см зузаантай өнжмөл хучлага бий болж, цааш үргэлжлэх агуйг тагласан байна. Агуй хэд хэдэн газар хаагдах болсон бас нэг гол шалтгаан нь доргилтоос үүссэн нуралт юм. Цаашид ч нуралт үүсч, агуй бүр мөсөн таглагдах аюултай байгаа тул дэлхийд ховорт тооцогдох энэ агуйг даруйхан улсын хамгаалалтанд авах шаардлага тулгараад байгаа юм.

Агуйг хамгаалж, унаган төрхийг нь сэргээхийн тулд  юуны өмнө хуримтлагдсан мөснүүдийг том томоор зүсэн авч, мөсөн багана босговол танхимыг хуучин хэвэнд нь оруулах боломжтой гэж н.Авирмэд нарын судлаачид дүгнэсэн байна. Мөн чулуун давхаргыг хооронд нь бэхжүүлэхийн тулд хадны цавуугаар шүршиж гагнаас хийх боломжтой гэнэ. Энэ бүхнийг хийхэд мэдээж хөрөнгө мөнгө шаардлагатай.  “Талын агуй” жуулчны баазын дарга М.Амгалангаас эхлээд, нутгийн удирдлагууд мөн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт гээд олон хүн  санаа тавьж хөөцөлдсөний үр дүнд БОНХЯ, ССАЖЯ болон орон нутгийн төсөв гэсэн гурван эх үүсвэрээс төслийг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлээд байна.

Түймрийн цурам хаа сайгүй

 “Талын агуй” орчмын газар түймрийн улмаас түлэгдэн хүрэнтэж харагдах бөгөөд хөл дор гишгэгдэх хуйхлагдсан модлог өвснүүдийн иш үндэс шажигнан дуугарах нь нялх хүүхэд уйлах шиг зовуурьтай сонсогдоно. Хажууд алхаж явсан Болороо маань “түймэрт автсан газрын өвс ногоо дараа жил нь сайн ургадаг гэнэлээ” хэмээн хэлэх нь жаахан ч гэсэн сэтгэл засах шиг болов. Түймрийн цурам баазын гэрүүдийн хаяанд тулаад зогсчээ. Эрдэнэцагаан сумаас гарсан явуулын хэдэн залуусын тусламжтайгаар гэрт хүргэлгүй унтрааж амжсанаа гэрийн эзэгтэй олзуурхан ярина. Түймэр гарах үед баазын эзэн эзгүй байх таарч. Хэрвээ эзэгтэй ганцаараа байсан бол хэдэн гэр, байшингаа байтугай өөрийгөө аварч үлдэж чадах байсан болов уу гэх бодол зурсхийн орж ирэхийн сацуу энэ их түймрийн аюул хичнээн айл өрхийг сүйтгэсэн бол гэсэн түгшүүр сэтгэлд хургана.

Талын агуйгаас хөдлөөд, Эрдэнэцагааны Зотол хайрханыг чиглэн явах замд нэлээд их талбайг хамарсан түймрийн цурам таарлаа. Зөвхөн 10 дугаар сард гэхэд л Эрдэнэцагаан сумын нутагт таван удаа түймэр гарч, 186100 га талбайг хамран, 29 айлын өвөлжөө, хаваржаа галд автсан байна. Эдгээр түймрийн нэг нь Асгат сумаас, нөгөө нь Сүхбаатар сумаас дамжин орж ирсэн бөгөөд үлдсэн гурван түймрийг хулгайн анчид тавьсан гэсэн мэдээллийг нутгийн удирдлага өгсөн.  

Биднийг Эрдэнэцагаан сумын нутагт очиход Засаг даргын орлогч Д.Алдар болон Тамгын газрын дарга А.Гансүх нар “Дөнгөж сая түймэр унтраагаад ирлээ” гэсээр нэлээд ядарсан төрхтэй угтсан юм. Тамгын газрын даргын хэлснээр түймэр унтраах үед салхины чиглэл өөрчлөгдөж багагүй хүндрэл учруулж байсан хэдий ч аймгаас хүн хүч, машин техник нэмж ирүүлэн, бүтэн нэг шөнө, хоёр өдрийн турш галтай тэмцсэний хүчинд түймрийг унтрааж чадсан бөгөөд хүний амь нас хохироогүй, харин найман айлын өвөлжөө түймэрт шатсан байна.

Бидний аялал цааш үзэсгэлэнт Зотолхаан хайрхан, дархан цаазат Лхачинвандад уул, Бичигтийн боомт, хөрш орны Улиастай хотоор үргэлжлэх бөгөөд энэ тухай тэмдэглэлийг дараагийн дугаараас хүлээн авч уншаарай.

Э.Ирэхбаяр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

Tsuun xeden erchuud ni xuuxnee tsoxiod ix goyo yavsan bna. Xuuxnuud ni arai ix yum aa da.

1  |  0
Top