Алтан аяга хаачив аа?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

 Асашеорюү Дагвадорж мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга болсон орой сэтгэл нь огшин, нойр хулжсан эрхэм гишүүн өглөө нь 68 хувийн гэнэтийн ашгийн татварын хууль санаачилжээ. Дагваа 100 дахь аварга байсан бол 100 хувийн татвар ноогдуулж ч мэдэх учир япон үндэсний бөхдөө ёкозүна болж чадаагүй хэдэн зээн озэки цолтонд гүн талархаж билээ. Уг нь анх Эрдэнэт үйлдвэрээс 68 хувь авчих санаатай эхэлсэн хууль ганцхан байгууллагад зориулсан болчих гээд байсан учир гуя дагаж хүзүү гэгчээр алтыг дунд нь хавчуулж орхисон юм. Алт олборлох арга технологи хөгжиж, авдрыг нь хаядаг, эвдэж сүйтгэж орхидог явдал ч багасч байсан юм. Алт хөтөлбөр 20 жил хэрэгжиж, 130 тонныг олборлох явцад улс оронд огт ашиггүй гэрээ хэлцэл, гол мөрнөө бохирдуулахыг хараад суудаг байдал ч багасч эхэлтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хууль гарч, татвар ч үгүй, ус ч үгүй, ардаа сумын засаг дарга мэтийн ивээгчтэй нинжа нар, тэдний цаана хууль бус наймааны бүтэн сүлжээ ажиллах болсон. 68 хувийг авах гээд бүр юу ч авахаа больсон, эх орны төлөө гээд үнэндээ хятад наймаачдын далд бизнес болж хувирсан эмгэнэл дагуулсан билээ. Нинжа нар, алтны хулгайн худалдаачид татвар төлж, нөхөн сэргээдэг юм бол нар баруунаас гарч, зарим сайд гал биш мэдлэг тахидаг болох буй заа. Байгалиа хаях нь л хамгаална гэж ойлгосон, эчнээгээр бакалавр, оройгоор магистр хамгаалсан, үг дүрэм цээжлэлгүйгээр англи, орос хэл сурсан гэх цагийн эзэлсэн сэхээтэн Урт нэртэй хууль гаргаж бүр бантан хутгав. Сайхан сэтгэл өвөрлөсөн зарим хүн ардчиллыг устгадаг гэдэг агуу их Хаекийг үг манай олныг баясуулагч, түмнээс төгөлдөрүүдэд яг таарна. Байгаль орчны нөхөн сэргээлт ч  ахисан юмгүй, баахан алтны компанид засгийн газар бүтэн жилийн төсвөөсөө давсан нөхвөр өгөх болж үлдэв. “Даага аваарай” гэчихээд өөрийн сүрэгтээ үлдээдэг виртуаль бэлэгтэй төстэй эд тэр болсон. Үр дагаварт нь хөрөнгө оруулалт үргэв. Хувь заяаны шоглоомоор хамгийн их хөөж туусан хоёр хүн хөөснөө олж ирэх үүрэгт сайд болсон байна. Тэдэнд итгэх нь бүү хэл зугтаад байгаа учир хувийн хэвшлийнхэн хүлээж бай, төр чинь бонд босгоно, засаг л хийнэ гэж мэдрэлтэхэд хүрсэн. Хаашаа харж буйн нь мэдэгдэхгүй нөхөр “Уул уурхайн тэнгэр цэлмэж байна. Салхи эргэлээ” гэх мэт үл харагдах, үл баригдах юм ярина. Хэний нүдэнд яаж харахаараа цэлмэдэг тэнгэр вэ? гэсэн хорон шог ч эндээс гараад байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь гадаадынх л байдаг. Дотоодынх гэвэл шинээр орж ирж байгаа зүйл биш. Гаднаас шинээр бидэнд байгаагүй мөнгө нэмэгдэж орж ирэхийг хэлдэг боловч манай тэнгэр менежментийн мөрөөдлийн баг тас гүрийнэ. Хөрөнгө оруулалт бол доллар. Долларын ханшид Монголбанк, сүүлдээ хэдэн ченж буруутан болж үлдэхээр байна. Доллар нь байхгүй, багассан юм чинь юун ханш вэ? Сүү байхгүй бол цай сүлдэггүйтэй адилхан. Хилээр орж ирдэг урсгал татраад байхад энд боож өргөсгөөд гол сайхан урсаж байнаа гэж сэтгэлээ зогоож, нүдээ баясгах л ядарсан арга үлдсэн. Үр дагавартай нь биш үндэс шалтгаантай нь тэмцэхгүй. Хий алдвал шүдэнз зурж, арц унгатгаж хамраа дарчихаад хямраа гүйлгэсэн өвчнөө дарах эм уухгүй явахтай бас яг адил монгол сайдын менежмент. Нэг алдсан итгэлийг сэргээхэд хэцүү. Саяхан л зайл явж үз, бид бол тусдаа тэнгэр заяатай гээд байсан шовинист, үндсэрхэг үмүүс “За яахав ирвэл ир л дээ” гэснээр буцаад ирдэг хэрэлдсэн хос ч тэд биш.
Энэ нөхөр аймаар их ашиг олоод байна гэх зэрэг аль 23 жилийн өмнө Үндсэн хуулиараа тунхагласан үндсэн эрх, шал мэдээжийн юм ярьцгаан, дөрвөн аргын тоо, бичиг үсэг хальт гадарладаг хүмүүс түүн дээр нь үшү күнфү, хиншүү хийсэн орон алтан боломжоо алдсаар л байна. Алтны үнэ өсөх тусам Монголд олборлох нь, эсвэл ил тодоор наймаалах нь багассаар ирсэн урвуу хамааралтай. Баялгаа ашиглаж байж, байгалиа хамгаалдаг. Монгол эцэст нь “Энэ муу хазгар Жамбаа хүртэл манай хаяагаар өнгөрдөг болжээ” гэсэн шиг хар буурин дээрээ хоцорч, далайд гарцгүй, хуурай газрын ч арал, баахан Робинзон Крузо, Баасангуудтай амьтны хүрээлэн болж үлдэх вий дээ. Засгийн газар, УИХ эрх зүйн орчноо өөрчлөх санаачилга гарган, хуулиа өөрчилж байгаа нь “Алив муу ерөнхийдөө сайн” болохын дохио. Гэхдээ хөрөнгө оруулалт, бизнесийн эрх чөлөөний талаарх тархинд хадагдсан буруу хавдар булцуугаа арилгах сэтгэлгээ, хандлагын гэрэл гэгээ бас хэрэгтэй байна. Юм л бол тэнгэр заяатай хүмүүс гэж элийрсээр буцаад бөө зайран болцгоож, тахилга тайлгаар хөгжинө гээв байвал зүгээр л гоё дархан цаазат амьтад болж тоглоно. Цөлжилт зөвхөн алтнаас болсон юм биш. Монголын нутгийн 77,8 хувь нь цөлжиж, доройтолд өртсөн. Түүний 56 хувь нь нар салхи гэх мэт байгалийн хүчин зүйлээс болсон, хүнээс ч хамаарсан нь их үлдсэн 40 гаруй хувь нь. Нэг юм хайрлахаараа нөгөөг нь алдагаа зогсоовол хөгжинө.  Эх сурвалж: Зөгий.mn


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top