Рекламны үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг өнөөдөр "Мишээл экспо"-д эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх уг яармагийн гол зорилго нь Монголын хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг сурталчилан танилцуулах, үзэсгэлэнд оролцогчдыг бизнесийн байгууллагуудын зорилтот бүлгүүдтэй хамтын ажиллагаа бий болгоход оршиж байгаа ажээ.
Энэ жилийн үзэсгэлэн яармагийн онцлогийг зохион байгуулагчдын зүгээс ирэх долдугаар сарын 31-нээс Монгол орон даяар тоон системд шилжихтэй холбогдуулан дижитал системийн технологийн дэвшлээр тодорхойлж байна.

Үзэсгэлэн яармагт телевиз, веб сайт, сонин сэтгүүл, ФМ радио, мэдээллийн технологи, мэйл болон мессеж маркетинг, гудамжны самбар түрээс, лавлах үйлчилгээ, сав баглаа боодол, хаяг реклам, гэрэлтүүлэг, хэвлэл, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага гээд зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд оролцоно.
Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн яармагийн үеэр "Зар сурталчилгааны шинэ чиг хандлага" сэдэвт бага хурал болж, үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулах юм байна. Үзэсгэлэн яармагт нийт 150 орчим байгууллага оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top