Дүүрэг бүрт баригдах спорт цогцолборуудын тендер зарлагдаагүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

ССАЖЯ-ны Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга З.Тулгатай ярилцлаа.

-       Дүүрэг бүрт спорт цогцолбор барих асуудал яригдаж эхэлснээс хойш нэлээд удаж байна. Энэ спорт цогцолборуудад нийт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-       Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай буюу ажил дуусах шатандаа явж байна. Харин Чингэлтэй дүүрэгт баригдах спорт цогцолборыг барихаар “Нийслэл өргөө” ХХК шалгараад одоо газар шорооны ажлаа эхлүүлсэн байгаа бол Баянзүрх дүүрэг үнэлгээний шатандаа явж байгаа. Бусад дүүргийн хувьд тендер нь зарлагдаагүй байгаа. Тендер зарлагдсан боловч энэ жилийн төсөв хүрэлцэхгүй байгаа учраас 2014 оны төсөв рүү шилжүүлсэн.

-       1 спорт цогцолбор ямар өртөгөөр босож байгаа вэ?

-       Төсөв мөнгөний тухайд нэг спорт цогцолборыг барихад 8-9 тэрбум төгрөг орж байгаа.

-       Спорт цогцолборууд дүүргийн аль аль байршилд баригдаж байгааг тодруулмаар байна. Мөн барилгын ажил удаад байгаа гол шалтгаан юу байна вэ?

-        Зарим дүүргийн барилгын ажил эхлээгүй байна. Үйл ажиллагаа удаж байгаагийн гол шалтгаан нь дүүрэг бүрт спорт цогцолбор байгуулахаар 2010 оны төсвийн тухай хуулинд тусгасан хэдий ч зураг, төсөвгүйн улмаас өдийг хүртэл тодотголоор хасагдаж ирсэн явдал юм. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор баригдаад дуусаж байна. Налайх дүүрэгт баригдах спорт цогцолбор Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, Чингэлтэй дүүргийнх 39 дүгээр сургуулийн дэргэд баригдах бол Сүхбаатар дүүргийнх  МУИС-ийн эдийн засгийн сургуулийн дэргэд, Баянзүрх дүүрэг Баянзүрхийн товчооны ойр баригдах байршлууд гарсан байгаа.

-       Дүүрэг тус бүртээ яг хэзээ ашиглалтанд орох вэ?

-       Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор 700 хүний суудалтай. Энэ ондоо багтааж дуусгахаар ажиллаж байна. Бусад дүүргүүдийн хувьд 2015 онд дуусгахаар төлөвлөгдсөн.

-       Энэ спорт цогцолборууд хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтайгаар баригдах вэ?

-       Эдгээр спорт цогцолборууд нь дүүргийн хүн ам ихээр төвлөрсөн газар баригдаж байгаа гэж ойлгож болохгүй. Газрын асуудал маргаанаас үүдэж барилга барих ажил удааширсан. Газрыг нийслэлээс хот төлөвлөлттэй холбоотойгоор олгож байгаа болов уу гэж ойлгож байгаа. Хүчин чадлын хувьд дээр хэлсэнчлэн Налайх дүүрэг, Сонгинохайран дүүргээс бусад дүүрэгт баригдаж байгаа спорт цогцолборууд 1000 хүний багтаамжтайгаар баригдана.

-       Ашиглалтанд орсны дараа боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Бүгд олон улсын стандартын дагуу баригдах уу?

-       Боловсон хүчний асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Тус спорт цогцолборууд бүгд олон улсын стандартын дагуу зураг хийгдсэн.

-       Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа хувийн бассейнууд шаардлага хангахгүй байхын зэрэгцээ хүрэлцээнээс эхлээд маш олон учир дутагдалтай асуудал бий. Эдгээр спорт цогцолборууд ашиглалтанд орсон тохиолдолд залуус тэнд цагаа үр бүтээлтэй өнгөрөөх ямар боломж байгаа вэ?

-Дүүргүүдийн Спорт цогцолбор ашиглалтанд орсноор харьяа дүүргийн иргэдийн биеийн тамир эрүүл мэнд сайжруулах залуус цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Мөн энэ дашрамд хэлэхэд 2014 онд Хан-Уул дүүрэгт “Өвлийн ордон” барихаар төлөвлөж өргөн бариад байгаа бөгөөд одоогоор шийдэгдээгүй байна. Тус өвлийн ордон нь 400 м-ийн гулгалтын замтай, дотроо хоёр хоккейн заалтай өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор төлөвлөөд байна.   

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.129.167) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн оны мэдээ вэ?

1  |  0
Top