“Моннис интернэшнл”-ийн захирал Б.Чулуунбаатар, “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш нарт эрүү үүсгэн шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН БОЛОН УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТЭДНИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА -

“Моннис интернэшнл” ХХК “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанид “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерт ялж, нийт 70 орчим тэрбум төгрөгийн уул уурхайн хүнд машин, механизм нийлүүлэх эрхтэй болсон байдаг. Үүнээс АНУ-аас ширхэг бүрийг 6.6 тэрбум төгрөгөөр таван ширхэг автосомасвол нийлүүлэх гэрээтэй байсан ч тэдний нийлүүлсэн автосомасвол нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хэврэг, хямд үнэтэй байж болзошгүй гэх гомдлын дагуу “Моннис интернэшнл” компанийн захирал Б.Чулуунбаатарт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Гэвч уг компанийн Олон нийттэй харилцах албанаас “ЭЦГ-аас биднийг шалгаагүй. Ямар ч эрүү үүсгээгүй. Ташаа мэдээлэл гарсан байна лээ” гэсэн юм.

Бид ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Эрдэнэс-Тавантолгой компаниас ирсэн ““Моннис интернэшнл” компанийн нийлүүлсэн техник уурхайд ажиллуулж амжаагүй шахам байхад эвдэрсэн. Одоогоор хоёр нь ашиглалтаас гарах дээрээ тулаад байна. Ширхэг бүрийг нь 6.6 тэрбум төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тусгасан боловч нийлүүлэгдэж ирээд байгаа автосомасвол ширхэг нь зах зээл дээр 2.5 сая ам.доллар буюу 3.4 тэрбум төгрөгөөр худалдаалагдаж байна. Тиймээс уг техник тендерт заасан нөхцлийн дагуу олгогдсон эсэхийг болон техникийн гаалийн баримтыг хуурамч эсэхийг нягталж өгнө үү” гэх гомдлын дагуу тус компанийн захирал Б.Чулуунбаатар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбиш нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа” гэсэн юм. Түүнчлэн Б.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт ашиглан аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.

Б.Чулуунбаатартай холбоотой чанаргүй, хулхи техник, хэрэгсэл нийлүүлсэн хэрэг үүгээр дуусахгүй. Зарим баримтыг эргэн сануулбал, 2007 онд  ЗГХЭГ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендерт ялж, улмаар Засгийн газарт Toyata,  Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг 20 автомашиныг гэрээний дагуу өгсөн байдаг. Гэвч 16 машиныг нь зургаан сар ч хүрэхгүй хугацаанд шатахуун их “иддэг”, засвар авдаггүй зэрэг шалтгаанаар акталсан байдаг. Хамгийн чухал нь тэдгээр машиныг оруулж ирсэн гаалийн татвар, НӨАТ-аас тус компанийг нэгэн нууц ноёнтон бүрэн чөлөөлсөн байдаг талаар эх сурвалжууд дурьддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top