Манай улсаас БНСУ-д E-8, E-9, H-2 визээр ажиллаж байсан иргэд тус улсын Үндэсний тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ буцааж авах боломжтой байдаг. Одоогийн байдлаар төлсөн шимтгэлээ буцаан авах эрх нь үүссэн ч шимтгэлээ буцааж аваагүй 2273 монгол иргэн байгаа юм. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэдгээр иргэдийг төлсөн шимтгэлээ буцаан авахыг дахин санууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ тухай мэдээлж байсан ч иргэд хандах нь цөөн байгаа учир ийнхүү дахин сануулж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад БНСУ-ын Үндэсний тэтгэврийн хуулиар нутаг буцах, нас барах, 60 нас хүрэх гэсэн гурван тохиолдолд ганцхан удаа буцаан олголт хийдэг бөгөөд нутаг буцсан иргэдийн хувьд таван жилийн дотор шимтгэлээ буцааж авах эрхтэй байдаг гэнэ. Хэрэв энэ хугацаа дууссан тохиолдолд 60 нас хүрсэн үедээ эсвэл нас барсан тохиолдолд дээрх эрхийг эдлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )