Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр байлаа. Тэрээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд тэр үеийн Дархан чин вангийн хошуу,одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй хэмээх газар хохь тайж Дашдоржийн гэр бүлд төржээ. Шинэ үеийн утга зохиол төдийгүй урлаг, соёлын салбарт олон зүйлийн анхдагч болж, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолоороо дэлхийн төвшинд үнэлэгдсэн их зохиолч бол Д.Нацагдорж билээ. Түүний намтар, уран бүтээлийг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ.
1930-аад оны үеэс суут зохиолчийн уран бүтээлийн судалгаа хийгдсэнээр өнөөдөр манай уран зохиолын түүхэн хөгжлийн явцад “Нацагдорж судлал” гэсэн судалгаа шинжилгээний салбар буй болон хөгжиж цар хүрээгээ тэлэн тэлж, түүний амьдрал уран бүтээлийг иж бүрэн судлах ажил зөвхөн манайд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татан улс орон бүрт явагдаж байна. Эрдэмтдийн тооцоолсноор 6000 гаруй судалгааны бүтээл бүртгэгдээд байгаа аж. Энэ тоо цаашид ч улам нэмэгдэх болно. Одоогоор судлал, шүүмжлэлийн өгүүлэл, ном, товхимолоос гадна утга зохиол, урлаг уран сайхны хэдэн зуун бүтээл түүнд зориулагдан гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )