Г.Батбаяр: “ОБЕГ” галыг дутуу унтраасан VS Д.Эрдэнэбаатар: Бид галыг бүрэн унтраасан, дулаан мэдрэгч камераар шалгасан

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

 “Нарантуул 2” худалдааны төвд гал гарсанаас хойш арав хонож байна. Энэ хугацаанд гал юунаас болж гарсаныг эцэслэн тогтоогоогүй байгаа. Харин галын шалтгааныг цагдаагийн ерөнхий газраас цахилгаанаас болсон гэж мэдээлсэн юм. Өнөөдөр “Нарантуул II” худалдааны төвийн хуулийн зөвлөх Г.Батбаяр, хуулийн зөвлөх, өмгөөлөгч, Ц.Баасандорж, мөн тус захын менежер Т.Наваансүрэн нар сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Тэд  энэ үеэр  ЦЕГ-аас гаргасан цахилгаанаас болсон гэсэн галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.  Энэ нь үндэслэлгүй гэдгийг худалдааны төвийнхэн мэдэгдэж, түрээслэгчдээс уучлал гуйхыг албан ёсоор  шаардлаа.

Тэд хэлэхдээ:  "Гал гарснаас хойших арав хоногийн хугацаанд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэг талыг барьсан мэдээлэл цацагдаж байна. ЦЕГ-аас гал гарсанаас хоёр хоногийн дараа мэдээлэл хийхдээ цахилгааны утаснаас болж гал гарсан байж болзошгүй гэж байсан. Энэ нь олныг төөрөгдөлд орууллаа. Галын дүгнэлт одоо болтол гараагүй байна. Бидэнд гадны нөлөөлөлөөс гал гарсан байх гэсэн хардалт байна". гэсэн юм.

 Учир нь тус захынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 60 сая төгрөгөөр цахилгааны утсаа “Сод Билгүүн” ХХК-аар солиулсан гэнэ.  Солонгос сайн чанарын утсаар солиулсан бөгөөд гал гарах үед манаач нар бүх цахилгааны утсыг унтраасан байсан болохоор цахилгааны утаснаас болж гал гарах ёсгүй гэлээ. Мөн  гал гарсан өдөр жижүүрт гарсан манаач нь согтуу байсан гэсэн мэдээллийг ч үгүйсгэсэн юм. 

 

Тус захын гал нь оройны 23.00 цагийн үед гарсаныг ОБЕГ-ын гал унтраах хэсгийнхэн ирж ажиллаж гал унтраасаны дараагаар  захыг түгжээд явсан юм байна. Гэтэл 40 минутын дараа ахиад гал гарч эхэлсэнийг тус захын удирдлагууд ОБЕГ-г ажилдаа хайхрамжгүй хандаж, галыг дутуу унтрааснаас болж гал дахин гарсан гэж үзэж байгаа аж. Учир нь үнс нурам халуун байхад захыг түгжээд явсан гэнэ.

 

Харин галыг бүрэн унтаасан эсэх талаар Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Нарантуул 2 гал гарсан гэх дууллагыг аваад галыг бүрэн унтраасан. Бид бүхэн галаа унтраасаны дараагаар дулаан мэдрэгч камераар галыг бүрэн унтраасан эсэхийг шалгадаг. Одоогоор галын шалтгааныг эцэслэн тогтоох  шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top