Монголын морин спорт уяачдын холбооны санал санаачлагын дагуу Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагддаг бүсийн уралдаануудыг хориглоно. Өөрөөр хэлбэл Монгол улсын 60 гаран мянган уяачид жилдээ ганцхан төрийн наадамдаа л хүлэг морьдоо уралдуулдаг болно гэнэ. Төрийн наадамд үзүүлсэн амжилтаараа алдар цол авдаг болно гэнэ. Ийм хуулийн төслийг УИХ-ны нэгэн нэр бүхий уяач гишүүн санаачлан, өргөн барьжээ. Хэдхэн хоногийн өмнө байнгын хорооны хурлаар хэлэлцсэн байна. Мэдээж дэмжих нэгэн байхад эсэргүүцэх нэгэн ч цөөнгүй байсан байна. Ямартаа ч төрийн эрхийг барьж буй Ардчилсан намд суудалтай тэрхүү эрхмийн гаргасан энэхүү хуулийн төсөл батлагдвал яах вэ?
Монголын 60 гаран мянган уяачид "ажилгүй" болно. Уяачдыг дагасан олон арван ажлын байр уналтанд орно. Эх орны өнцөг булан бүрт хүлэг морьдоо уяж буй уяачид маань тэр бүр төрийн наадамдаа ирж уралдах боломжгүй. Тийм болохоор тэд бүсийн наадмууддаа уралддаг. Гэтэл тэрхүү наадмыг нь хориглох юм бол уяачдын морь уях эрхийг нь боогдуулж байна гэж хэлэхэд болно. Мөн нөгөө талаас бүсийн уралдаан байхгүй болчихвол өвөл, хавар морь тэжээх шаардлагагүй болно. Тэгэхээр тариаланчдын маань тарьсан, хадсан өвс тэжээлийн эрэлт байхгүй болно. Хурдан морины үнэ эрс буурна. Үүнийгээ дагаад хөдөөний малчддад маань ордог хөрөнгө оруулалт ч буурна. Урчуудын урласан эмээл, хазаар, гэр гээд Монгол гэсэн тодотголтой бүхнийг хэн хэрэглэж байна, мөнөөх л уяачид маань хэрэглэж байна. Тэгэхээр тэр ажлын байр бас л байхгүй болно гэсэн үг. Энэ мэтчилэн тоочоод байвал уяачдыг дагасан асар олон ажлын байр бий...
Бүсийн наадам байх нь хэрэгтэй юу, хэрэггүй юу? Мэдээж маш их хэрэгтэй. Бүсийн наадмын амжилтаар уяачдад алдар цол олгож байна. Уяач, унаач, морьдоо чансаалдаг болж шилдэгүүдээ тодруулж байна ММСУХ. Энэ бол уяачдын хөдөлмөрийг үнэлж бйу хамгийн том үнэлэмж. Морь уяна гэдэг төрийн хэргээс гадна асар том буяны ажил гэж нэгэн уяач хэлсэн байдаг. Яагаад гэхээр морио уяж Монголын ард түмэндээ цэнгэлийн манлайг эдлүүлж байгаа болохоор.
Монгол улсын аль ч үеийн, ямар ч хэлбэрийн төр засаг эрийн гурван наадмыг өөр өөрийн бодлого зорилгод нийцүүлэн зарим үед дэлгэрүүлэн, зарим үед хавчиж ирсэн түүхтэй. Манжийн үед Богдын даншигийг бус Уул тайлгын наадмыг чухалчилж, Богд хаантын үед шашны зан үйлийг дөвийлгөж ирсэн жишээтэй. Ардын хувьсгалын дараахнаас наадмын нийтлэг чанарыг ихэд эрхэмлэн, харц ардууд ч морь уяж, зургаан насны морь уралдуулах болсон. Тэгснээ гучаад оны нугалаа завхрал, бослого үймээний үед наадмыг ёс төдий тэмдэглэж азрага, соёолон хоёрыг цуг хүртэл уралдуулж байв. Тун удалгүй их хэлмэгдүүлэлтийн дараахнаас учир зүггүй их наадам хийлгэх болсон. Энэ нь ард түмний сэтгэл санааг түвшитгэх төрийн бодлого байлаа. Тэгснээ 1950-д оны дундуур наадмыг хумих хандлага илэрхий давамгайлж ирсэн. Түүний тодорхой жишээ бол 1955 оны наадам. 256 бөх сугалаагаар барилдаж, гуравхан насны морь уралдсан. Чухам үүнээс болон олон уяачийн урам хугарч, зориг мохож, морь уях нь дэмий муу ажил мэт үзэх болсон. Төр, засаг үүнийг бас соргог мэдэрч хойтон жилийнх нь наадмыг маш өргөн хийсэн байдаг. Гэтэл тэртээх 1950-иад оны дунд үе эргэн ирэх гээд байна уу даа...?
"Бүсийн наадмуудыг хориглоно" гэсэн хуулийн төслийг ММСУХ бол 100 хувь эсэргүүцэж байгаа. Тиймээс тэд өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн тул салбар холбоодоосоо санал аваад байна. Одоогоор 17 аймгийн уяачдын холбооноо албан ёсны саналаа ирүүлээд байгаа бөгөөд тэд бүгд "Бүсийн наадам болох нь зөв" хэмээн үзэж байгаа. Монголчууд бид чинь морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлаж, морин туурайгаар дэлхийг талын тамгалсан морьтон заяат улс шүү дээ. Тиймдээ ч энэ жил үндэснийхээ хурдан морины уралдааныг дэлхийн дээд Генниссийн номонд бүртгүүлсэн, 4249 морь нэгэн зэрэг уралдуулж. Бидний энэ гайхамшигт амжилтыг "дэлхийн морин спортын онцлох үйл явдал"-аар нэрлэсэсн. Гэтэл одоо тэрхүү гайхамшигаа эсэргүүцэж морин уралдаанаа хорих гээд байдаг. Энэ юу болж байна аа. Эрхэм уншигч, уяачид, морины хорхойтнууд, зүтгэлтнүүд та бүхэн ч гэсэн ММСУХ-тойгоо нэгдэж, санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.
Б.Ганпүрэв

Сэтгэгдэл ( 0 )