Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоож, нислэгийн хөдөлгөөний шинэ загварт шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дуусчээ.

 

Иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Үүний нэг болох Монгол Улсын дээд агаарын зайн агаарын зам, секторуудын хариуцлагын бүс, давтамжыг шинэчлэх, нислэгийн хөдөлгөөн удирдлагад ашиглагдах стрипийн аргачлалын өөрчлөлтүүдийг Монгол Улсын Зам Тээврийн Сайдын  болон ИНЕГ-ын даргын тушаалын дагуу  нэвтрүүлсэн байна.

 

Монгол Улсын дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын системийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ашиглаж эхэлсэнээс хойш нэг жилийн дараа дахин 2 ажиглалтын систем суурилагдсан юм. Ингэснээр Монгол улсын дээд агаарын зайн 75 хувь, нийт нислэгийн 94 хувь, өнгөрөлтийн нислэгийн ачаалал бүхий  агаарын замуудыг  бодит ажиглалтын систем ашиглан харж удирдах боломж бүрдэж, хамрах зайг нэмэгдэж байгаагийн сацуу өмнөх ажиглалтын системийн найдвартай ажиллагаа тодорхой хувиар өсөж байгаа нь нислэгийн аюулгүй байдлын түвшин төдий хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байгаа ажээ. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын систем нэвтрүүлж бүрхэлт сайжруулснаар хөрш зэргэлдээ улсуудын нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдтэй харилцан ажиллагаа, удирдлага шилжүүлэх, цаашлаад автомат системүүдийн тусламжтайгаар хоршин ажиллах боломжтой болно. Бодит ажиглалтын радиолокаторыг нэмж суурилуулсанаар нислэгийн хөдөлгөөний ачаалал харилцан жигд хувиарлагдаж түүнээс улбаалан нислэгийн удирдагчийн ажлын ачаалал, агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадамж тэр хэмжээгээр дээшлэх таатай нөхцөл бүрдэж байна.

 

Монгол улсын дээд агаарын зайд бодит ажиглалтын систем радиолокаторын бүрхэлтийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд  нэвтрүүлснээс гадна бас нэгэн том өөрчлөлт бол нислэгийн хөдөлгөөн удирдлагын стрип аргачлалыг өөрчилсөн явдал юм. Стрип нь нислэгийн хөдөлгөөн удирдлагад шаардлагатай мэдээллийг агуулсан зурвас хэлбэр бүхий стандарт хэмжээтэй цаас байдаг ба процедур нислэгийн хөдөлгөөн удирдлага-сонсож удирдахад хамгийн гол ашиглагддаг нислэгийн хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн, төсөөллийг нислэгийн удирдагчид үзүүлэх үүрэгтэй. Өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн статик/процедур удирдлага/ стрип нь илтгэх цэг тус бүр дээр нэг стриптэй ба нислэгийн агаарын замын дагуу олон стрип байсан бол шинээр динамик/ бодит ажиглалтын удирдлага/ стрипт шилжсэнээр нэг нислэгт нэг стрип ашиглах юм. Ингэснээр нислэгийн удирдагчид бодит ажиглалтын дэлгэц дээр ажиллах хугацааг ихэсгэх, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавигдах хяналтыг улам бүр сайжруулахад том дэвшил гарч байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top