Хил зөрчигчид “Суллаж явуулбал мөнгө өгье” гэсэн саналыг хилчдэд тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэгт ургадаг “эрэвгэр, жирэвгэр” хэмээх нэгэн төрлийн ургамлын үндэсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалах сонирхол бүхий иргэдийн тоо сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Нөгөө талаас хөрш орны иргэд ч уг ургамлын үндэсийг ухаж авах зорилгоор Монгол Улсын хилийг зөрчиж болзошгүй хэмээн үзэж, манай хилчид ч мөн хамгаалалтын нягтралыг болзошгүй чиглэлд төвлөрүүлдэг. Үүний үр дүн ч гарчээ.

 

Их бурхантын заставын Шилийн худагийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан харуулын дарга дэд ахлагч О.Баярсүрэн ахлагчтай, байлдагч Б.Бүдрагчаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ууганбаяр, П.Насанбүүвэй, Х.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа энэ сарын 5-ны өдрийн үүрээр Монгол Улсын хилийг зөрчин орж ирсэн БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулсан байна. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шинэ барга зүүн хошууны Амгалан балгаст оршин суух Д.Баатар, Ж.Багана нар бөгөөд “эрэвгэр, жирэвгэр” өвсний үндэс түүхээр хил зөрчин орж ирснээ хүлээжээ.

 

Эдгээр хил зөрчигчид “Суллаж явуулбал мөнгө өгье” гэсэн саналыг хилчдэд тавьсан байна. Хил зөрчигчдийг шалгасны дараа өвсний үндэс ухахаар бэлтгэсэн багаж зэвсгийн нь хамт БНХАУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өглөө. Баттай бус эх сурвалжийн мэдээллээс үзвэл уг өвсний үндэсийг эмийн бэлдмэлийн зорилгоор ашигладаг гэх бөгөөд мансууруулах чанартай байхыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

 

Хил зөрчигчдийн түүсэн үндэсийг томилогдсон ажлын хэсэг шатааж устгасан байна. Мөн хилийн зөрчлийг илрүүлж, шуурхай ажиллан саатуулсан дэд ахлагч О.Баярсүрэн, байлдагч Б.Ууганбаяр нарыг ангийн захирагчийн тушаалаар сайшаасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top