Дэлхийн улс орнуудаас анх удаа цагаачлалын асуудал хариуцсан бие даасан яамыг Австрали Улс 1945 онд байгуулсан түүхтэй. Тэр үеэс эдүгээг хүртэл долоон сая орчим цагаач тус улсад ажиллах хүчин авах “Шилжилтийн хөтөлбөр”-т хамрагдан суурьшжээ.
“Шилжилтийн хөтөлбөр” нь Австралийн хүн амыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний эрэлтийг ур чадвар бүхий ажиллах хүчээр хангах зорилготой аж.
Тус улс нь дээрх хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 180.000 орчим түр болон байнгын ажиллах хүчийг гадаадаас авдаг бөгөөд 2012-2013 оны “Шилжилтийн хөтөлбөр”-т 190.000 орчим байнгын шилжилт хөдөлгөөний орон тоог зарлажээ.
Хөтөлбөрт ур чадвартай ажиллах хүчнийг байнгын оршин суух ба түр оршин суух хэмээх үндсэн хоёр ангилалд хуваадаг. Байнгын оршин суух ажиллах хүчнийг ерөнхий, ажил олгогч нь нэр дэвшүүлсэн, бизнесийн ур чадвартай, хосгүй авьяастай хэмээн ангилдаг. Харин түр оршин суух ангилал нь түр бизнес эрхлэх хэмээх 457 ангиллын визийн төрөл бүхий үндсэн ганц дэд ангилалтай байдаг байна. Австрали Улсад 457 визээр гурван сараас дөрөв хүртэлх жил ажиллаж амьдрах боломжтой.
Барилгын салбарт ажиллаж буй 457 виз хүсэгч жилд дунджаар 89.000 авст.доллар, уул уурхайн салбарт ажиллах хүч 133.5000 авст.доллар хамгийн бага нь хүнс, үйлчилгээний салбарт ажиллаж буй виз эзэмшигчид жилд 57.400 авст.долларын цалин авдаг байна.
Саяхныг хүртэл тус улсад байнга оршин суухаар ирж буй шилжилтийн дийлэнх нь Их Британи Улсын иргэд байсан ч сүүлийн жилүүдэд харьцангуй буурах хандлага ажиглагдах болжээ. Өнгөрөгч оны байдлаар Австрали Улсад БНЭУ, БНХАУ, Их Британи, Филиппин, ӨАБНУ, Шри Ланк, Малайз, Ирланд, БНСУ, Вьетнам Улсын иргэд хамгийн ихээр шилжиж иржээ.

Сэтгэгдэл ( 1 )
manaih ene hutulburt hamragdaj boldog uu