Сонгинохайрхан дүүргийн XVII хороонд энэ сарын 19-нд буюу өнгөрсөн мягмар гаригт найман настай Н.Баяраа хүүг хойт эцэг нь барьцаалсан хэрэг гарсан байна.
Хүү нийслэлийн ерөнхий боловсролын 83 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг бөгөөд түүнийг хичээлээ тараад гарч ирэхэд нь Н.Пүрэвдорж “Миний хүү, хоёулаа хамт гэртээ харъя” гээд сургуулийн арын талбай руу хүүг хөтлөн явжээ. Хүмүүсийн хөлнөөс зайдуу газар очоод хүүгийн ээж М.Наранцэцэг рүү утсаар залгаж “Чамайг надтай эргэн амьдрахгүй бол хүүг чинь ална. Чи намайг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Би одоо дахиж архи ууж, та нарыг зовоохгүй. Надтай дахин амьдарна гэвэл сургуулийн арын хашаанд ганцаараа ир. Сайн ярьж, ойлголцоё. Үгүй бол хүүг чинь барьцааллаа” хэмээн ярьсан байна. Дуудлага ирсэн даруй Наранцэцэг хэсгийн цагдаад болсон явдлыг хэлж, хамт очихыг гуйсан байна.
М.Наранцэцэг нь Н.Пүрэвдоржтой гурван жилийн өмнөөс хамт амьдрах болсон бөгөөд гурван сар гаруйн өмнөөс гэрээсээ арга буюу явуулаад байсан аж. Пүрэвдорж ажил хийхгүй, архи ууж, үргэлж агсан тавин, Наранцэцэг болон хүүхдүүдийг нь зоддог байсан аж. Тиймээс Наранцэцэг түүнээс салахаар шийдэж, гэрээсээ явуулаад байсан нь энэ аж. Гэхдээ тэрбээр энэ хугацаанд удаа дараа согтуу ирж, агсан тавьж байсан аж. Тиймээс Пүрэвдоржийг согтуу байж магад хэмээн айж Наранцэцэг цагдаад хандсан байна.
XVII хорооны хэсгийн цагдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчдад мэдээлэл өгч, хэргийн газарт шуурхай очин хүүг аюулгүй болгосон байна. Цагдаагийн албан хаагчдыг хэргийн газарт очиход Н.Пүрэвдорж ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд “Нарааг л айлгах гэсэн юм. Түүнээс биш хүүдээ муу юм хийх гээгүй. Намайг архи уулаа гээд гэрээсээ хөөгөөд байгаа юм. Тэгэхээр нь л жаахан айлгах гэсэн юм” хэмээн орилж байсан аж. Хүүд ямар нэг гэмтэл учруулаагүй байсан ч Н.Пүрэвдорж цаасны хутга халаасласан байжээ.
42 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Пүрэвдорж уг хэргийг хийх үеэрээ архи уусан байсан бөгөөд түүнийг эрүүлжүүлсний дараа хэргийг шалгаж эхэлсэн байна.
Хойт эцэгтээ барьцаалагдсан хүү цагдаа нарт “Аав дандаа намайг зоддог. Согтуу орж ирээд ээжийг, намайг байнга зоддог. Намайг сургуулийн гаднаас авч явахдаа ээж чинь ирэхгүй бол чамайг ална” гэж хэлсэн хэмээн мэдүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
Одоо ээж хүү 2 ийн амьдрал хэцүүдлээ дээ байрнаасаа нүүж энэ хүнээс бүүр холдохгүй бол ийм хүн эргэж ирээд л дахиж дарамтлана.Шулу
Шууд зохих ялыг нь өгөөд шоронд нь суулга