Амжилтанд хүрэхэд төлөвлөгөө чухал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

“Ингэж явтал болно доо” гэж бодох цаг мөн гэж үү? Карьерийн өсөх бас уруудах чигтэй ширүүн урсгалд ямар ч төлөвлөгөөгүйгээр орчихсон бол урдах ажлаа л хийхээ болиод амьдралынхаа туршид бүтээх амжилт болгоноо урьдчилан “зөгнөж” бэлтгэ. Мэргэжлийнхээ хүрээнд хаана юуг босгож, өндийлгөж, барьж, байгуулж явахаа жил жилээр нь нарийвчлан төлөвлөх шалтгаан долоогийн долоон ширхэг байна.

Зорилгоо тодорхойлоход тусална
Үргэлж энэ суудалдаа баймаар байгаа юм биш биз? 5 жилийн дараа ч чиний нэрийн хуудсан дээр одооны албан тушаал чинь бичигдээстэй байгаасай гэж хүсэхгүй байгаа бол зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө амттайгаар амьдраарай. Очих газраа олчих л юм бол хүрэх зам бага багаар нээгдсээр байх болно. Мөн чамайг хөгжүүлэхгүй, дэвшүүлэхгүй газраас аль болох зайлсхий. Маргааш өнөөдрөөс илүү, нөгөөдөр маргаашаас илүү болохын тулд, байгаагаасаа 15 шатаар дээр өндөрлөгт хүрэхийн тулд чамд төлөвлөгөө хэрэгтэй.

Цаг хугацаа чамайг хүлээхгүй
“Хэзээ нэг өдөр захирал эмэгтэй болно оо” гэж бодож суух амархан. Гэхдээ албан тушаал хүнд хэзээ ч зүгээр ирдэггүй. Нэг л мэдэхэд чи яг энэ өрөөндөө олон жил суусаар байгаагаа мэдрэхийг хүсэхгүй байгаа чинь ойлгомжтой учраас, яг одоо сууж дэвтэр цаас гаргаж байгаад төлөвлө. Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснээ бодож тунгаа. Тэгээд тэдгээр туршлага дээрээ үндэслэн ирээдүйд үүнээс илүүг хэрхэн хийхээ бодож үз. Төлөвлөгөө чиний нүдийг нээж, ирээдүйг чинь хэлж өгөх мэргэн ном л гэсэн үг.

Хүчтэй тоглогч байхад тусална
Ажлын байрны зах зээл дээр хүн бүр хүссэн бараагаа авч чаддаггүй. Хэрэв чи сайн тоглогч байж чадвал шунан дурладаг ажил, тохилог сайхан амьдрал, нэр хүнд, мөнгө, ашиг орлого гээд бүгдийг араасаа дагуулна. Төлөвлөгөө сайтай бүсгүй “хундаам” сайтай байшинтай л адил.

“Бат бөх” байдал
Төлөвлөгөө чамд хэзээ ч ганхахгүй, хазайхгүй байхад тусална. Хэрэв ямар нэг “хэрэггүй” зүйл чамайг уруу татахыг оролдвол “Үгүй дээ, би илүү чухал ажилтай” гээд нүүр бардам явах шалтгаан чамд бий болно. Ер нь л амьдрал, амжилтын төлөвлөгөөтэй хүнд үргэлж хийх зүйл нь тодорхой бөгөөд бэлэн байдаг учраас “хэт завтайн ганихрал” гээчтэй нүүр тулдаггүй. Чи бол зарчимдаа бас мөрөөдөлдөө үнэнч бүсгүй, чиний карьер тасралтгүй өсөж байгаа. Учир нь чи маш сайн төлөвлөгөө боловсруулсан.

Б төлөвлөгөө рүү шилжихэд бэлэн
Боломж үргэлж гэнэт ирдэг учраас л Б төлөвлөгөө чамд хэрэгтэй. Амьдралд чинь томоохон эргэлт хийхээр зүйл гарч ирвэл цаашдын карьераа яах вэ гэдгээ ч төлөвлөсөн байх нь чухал. Тэгвэл чамд эрсдэл гэж үгүй болно. Байгууллагаас чинь өндөр албан тушаалд томилох эсвэл гэр бүлээ түр орхиод гадагшаа явж боловсролоо дээшлүүлэх гээд өөрчлөлт хийх шаардлагатай бүхэнд яах ёстойг төлөвлөгөө чинь л чамд хэлээд өгнө.

Бусдаас хараат бус байна
Мэдээж чиний өсөн дэвших боломжийг хязгаарлаж магадгүй зүйл олон байгаа. Компанийн удирдлагууд, ажлын байран дээрх өрсөлчдөгчид, гэр бүл гээд л. Маш сайн төлөвлөгөө боловсруулж тэдгээрийг зохицуулах аргаа олох хэрэгтэй. Бусдаас хараат болох бүх “боломжууд”-ыг хаа.

Хяналтаа алдахгүй
Өөрийгөө хаана явж байгааг, хаа хүрэхийг хяна. Чадвар чадамжийн нөөц бололцоо, цагийн менежмент, зорилгын биелэлт гээд бүхнийг хянах боломжийг маш сайн төлөвлөгө чамд олгоно. Бас гэртээ суугаад хэн нэгнийг хүлээгээд байх завгүй гэдгийг чинь, хэзээд ч цоглог байж, урагшлах ёстой болохыг ч чамд мэдрүүлнэ.

5 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдгийг чинь асуухад “Тийм нэг гоё...гоё л юм хийж амьдарна даа” гэсэн баараг хариулт өгдөг бүсгүй биш гэдэгт чинь итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top