Ч.Даваабаяр: М.Наранбаатар ийм арга барилаар 10 гаруй жил ажиллаж ирсэн учраас МҮОНРТ ингэж ялзарч, туйлдаа хүрсэн

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

МҮОНТ-д үүссэн асуудалтай холбогдуулан Ч.Даваабаяраас дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн баасан гарагт таныг  МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар үүрэгт ажлаас тань чөлөөлөх  тушаал гаргажээ. Энэ талаар таны  байр суурийг сонирхъё?  

-М.Наранбаатарын тушаалыг хүлээж авсан. Энэ тушаалтай санал нийлэхгүй. Би нэг л зүйлийг ойлгож байна. М.Наранбаатар гэдэг хүн бол хэнд ч захирагддаггүй, дураараа хүн юм байна. Үндэсний зөвлөлд захирагддаггүй, гаргасан  тогтоол шийдвэрийг  нь ч  мөрддөггүй юм байна.   Үндэсний зөвлөлөөс  үүсээд байгаа асуудлыг судалж шалгах, эрх мэдлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч танилцуулах үүрэг М.Наранбаатарт өгсөн. Гэтэл М.Наранбаатар захирал хоёр талын хооронд үүссэн асуудлыг шалгаж тогтоолгүй нэг талыг баримтлан  шууд л намайг халах шийдвэр гаргасан. Асуудлыг ингэж шийдэж болдог юм уу. Энэ үйлдэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлийнхөө дээр нь гарчихсан гэдгийн  илрэл гэж ойлгож байна.   Үндэсний зөвлөлийн Сосорбарам зэрэг  гишүүд Үндэсний  телевизэд олон жил бугшиж, бугласан бүхнээсээ салах цаг болсныг хурал дээр хэлсэн.  Үүнийг шалгаж, идээ бээрээсээ салахын оронд ганц намайг халснаар асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй ээ.  М.Наранбаатар ийм л арга барилаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж ирсэн учраас МҮОНРТ өнөөдөр ингэж ялзарч, туйлдаа хүрсэн. Ийм даргатай учраас нэгдэл салбарынх нь дарга нар нь энэ хүнийхээ хамгаалалт дор дураараа авирлаж, МҮОНТ-ийг хувьцаат компани  болгож авснаас ялгаагүй байна. Энэ хүн, эдний багийнхан ингэж л ажиллаж сурсан юм байна.

-М.Наранбаатар  таныг ажлаас халчихлаа. Одоо Цагаандалай нарын хүмүүс нэр төрөө сэргээлгэнэ, таныг шүүхэд өгнө гэсэн мэдээллийг өгч эхэллээ.

- Би  шударга бус байдалтай эвлэрэхгүй. Цагаандалай  нарын хүмүүст хэлэхэд  “Битгий сандарцгаа”. Үндэсний телевизийг хувийн компани, хувьцаат компани шигээ ашигладгийг болиулахын төлөө би тэмцсэн.  Ингэсний төлөө би энэ эсэргүүцэлтэй тулгарч, Үндэсний телевизийг хувийн юм шигээ ашигладаг энэ хүмүүс өөрсдөө ил гарч ирлээ.  Би нэг зүйлийг хэлье. Би тууштай тэмцэнэ.  МҮОНТ-ийн захирал гэдэг албан тушаал бол хоргодоод байх эрх мэдэлтэй албан тушаал биш. Нэг хүн ажилд авах эрхгүй, ажлаас халах эрхгүй, ганц төгрөгийн мэдэлгүй завсрын ийм л албан тушаал. Эрх мэдэл хэнд байна вэ гэвэл, алба нэгдлийн дарга нарт байна. Ийм хүмүүс л энэ албан тушаалаасаа салахаас айж байгаа.  Тэдэнд “ Та нар бүү сандарцгаа. Удахгүй бүх зүйл байр байрандаа очно” гэж хэлье.

Телевизийн нэрээр мөнгө завшдаг, ТВ дотор ТВ байгуулж, ашгийг нь сорон мөлждөг  ийм сүлжээтэй хатуу тэмцэнэ. Гэхдээ би нэг ч уран бүтээлчийн нэрийг барихгүй,  гарын үсэг цуглуулахгүй, ганцаараа ч гэсэн тэмцлээсээ ухрахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваабаярт(202.179.22.96) 2013 оны 11 сарын 25

Ингэж арчаагаа алдаж нүдний булай болоод яахнав. Доод албан тушаалтнуудтайг аа таардаггүй юм болов уу гэсэн чинь дээд удирдлагатайгаа бас шөргөөцөлддөг нөхөр байна. Дуугүй л ажлаа өгвөл барав

0  |  0
kkkk(103.11.195.45) 2013 оны 11 сарын 25

hudlaa saihan yarih yum da

0  |  0
Top