Эргүүлд гарсан эцэг эхчүүд урамшуулал авна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Сургуулийн орчинд бага насны хүүхдүүд гэмт халдлагад өртөх тохиолдлууд олонтаа гарч байв. Адаглаад л сурагчид бие биенээ зодож, танхайрах явдлууд байнга гардаг байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 18.236 хүүхдийн 4992 нь буюу 27.3 хувь нь сургуулийн орчинд болон сургууль дээрээ гэмт халдлагад өртөж байсан гэж хариулжээ. Мөн 2000 сурагчийн 28 хувь нь гэмт хэргийн халдлагад сургууль дээрээ өртдөг гэж хариулсан байна. Тиймээс "School police" төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл нийслэлийн Цагдаагийн газар болон Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээр уг төслийг хэрэгжүүлэх юм байна. Өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг, эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07:30-13:30, 13:30-19:00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийх гэнэ. Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан тооцоогоор тухайн сургуулийн сурагчдын тооноос хамаарч эцэг, эхчүүд жилд нэг удаа эргүүлд гарах аж. Гэхдээ хүүхдийнхээ суралцдаг сургуульд эргүүл хийхдээ эцэг, эхчүүд ажлаасаа цалинтай чөлөө авч болох юм байна. Энэ талын зохицуулалтыг НИТХ захирамж гарган сайтар тусгажээ. Хэрэв тухайн байгууллага эргүүлд гарсан эцэг, эхэд чөлөө олгосон хэрнээ цалин өгөхгүй бол арга хэмжээ авах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boloosh dee(103.26.194.133) 2025 оны 03 сарын 13

Zov zuitei asuudal bnaa

1  |  0
Top