МҮОНРТ-ийн захирал Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тус телевизийн хэсэг уран бүтээлчид огцруулахыг хүссэн өргөдөл гаргаад байсан. Уран бүтээлчид, нэгдлийн дарга нарын хүсэлтийг харгалзан үзээд тус телевизийн дарга М.Наранбаатарыг өнгөрсөн баасан гаригт ажлаас нь халах тушаал гаргаад байсан юм. Тус телевизд болж байгаа үйл явдалын талаар өнөөдөр Ч.Даваабаяр түүний өмгөөлөгч Т.Оюунбилэг нар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Намайг ажлаас халах тушаал шууд гарсан. Үүнийг би эсэргүүцэж байгаа” гэсэн юм. Энэ үеэр Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг өнгөрөсөн баасан гаригт халах тушаал гарсан. Одоо МҮОНРТ-ийн ажилчдын уур амьсгал хэр байна вэ?
-Өглөө би хамт олныхоо нийтийн хурал дээр орлоо. Хамт олны эрх ашгын төлөө тууштай тэмцэх болно. Би ажлаас халагдчаад энэ ажилтайгаа зууралдаад байгаа юм бишээ. Миний албан тушаал бол нэг ч хүн халах, ажилд авах эрх мэдэлтэй албан тушаал биш. Өнөө өглөөний нийтийн хурал дээр намайг эсэргүүцсэн нэгдлийн дарга нар өөрсдийнхөө ухамсраараа ажлаа өгч хамтдаа шалгуулая гэж уриаллаа. Аль аль нь гэм буруутайгаа тогтоолгоё, буруугүй бол буцаад ажилдаа оръё гэсэн. Миний энэ хэлсэн үгийг манай хамт олон дэмжиж алга ташсан. Миний энэ хийж байгаа ажлыг хамт олон маань дэмжиж байгаа юм байна гээд илүү их урам орсон. Одоо би хамт олныхоо гарын үсэг зуруулж, уран бүтээлчдийнхээ нэрийг барьж тэмцэхгүй ганцаараа тэмцэх болно, шантрахгүй гэдгээ хамт олондоо хэлсэн.
-Аль аль нь шалгуулах ёстой гэлээ. Тэгэхээр нэгдлийн дарга нарт дотоод аудитын шалгалт орсон уу?
-Өнгөрсөн сараас эхлээд аудитын шалгалт орж эхэлсэн. Ажлын байран дээр архидан согтуурч халагдсан хүмүүс мөн цөөн хэдэн нэгдлийн дарга нар намайг эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн дөрөв дэх өдөр болсон үндэсний зөвлөлийн хурал дээр М.Наранбаатар дарга ирээгүй байсан. Дараа өдөр халагдах тушаал гарахад мөн ажилдаа ирээгүй байсан, утас руу нь залгасан холбогдохгүй байсан гэтэл шууд ажлаас халагдах тушаал гараад ирсэн. Өнгөрсөн амралтын өдрөөр энэ талаар өчнөөн мэдээлэл цацагдлаа. Энэ нь миний нэр төр мөн байгууллагын нэр төрд халдаж байна. Эхлээд улс орон даяар цацаж байсан бол дэлхийн бөмбөрцөг даяар цацаад хаячихлаа. Монгол улсад болж байгаа олон нийтийн телевизийн асуудал ингэж газар авна гэж бодсонгүй. Намайг буцаад ирэхвий гэж айсан даа ийм юм хийгээд байна. Тэр хүмүүст хэлэхэд та бүхэн битгий сандраарай, удахгүй бүх юм байрандаа орох болно гэж хэлмээр байна. Олны эрх ашгийн төлөө тэмцэхийг телевизийн ажилчид мөн олон нийт хүсэж байна.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )