Рок попд тасралтгүй 20 жилийн турш уран бүтээлээ туурвисаар ирсэн "Хурд" хамтлагийн ой энэ онд тохиож байгаа билээ. Анх "Цэргийн бодол" дуугаараа олонд танигдаж байсан бол 20 жилийн турш ганц ч өдөр урлагаас хөндийрөлгүй ард түмний хүртээл болсон олон хит дуу хийсээр байна. Өчигдөр тус хамтлагийнхан 20 жилийнхээ ойг сэтгүүлчидтэй тэмдэглэсэн юм. Энэ үеэр "Хурд "хамтлагийн гитарчин Б.Отгонбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө 20 жилийн ойын баярын мэнд хүргэе. 20 жилийн ойн тоглолт болоход хэдхэн хоног үлдээ. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна?
-Баярлалаа. Энэ дашрамд хэлэхэд салхитай, шороотой ямар ч цаг үед зөвхөн монгол туургатнууд л бид бүхэнтэй хамт байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Бидний төлөвлөсөн ажлууд ерөнхийдөө хангагдсан, төлөвлөгөөний ёсоор явж байна. Тайз, гэрэл, техник хөгжмийг хариуцдаг компианууд их болсон байна. Ер нь утасдахад утасны цаанаас хийгдэж байна. Бүх юм бэлэн, бид бүхэн тайван байж байгаад л тоглох цаг иржээ.
-“Хурд” нэрийн олон брэнд гаргалаа. Ер нь “Алтан пянз” хэвлүүлэхэд ямар шалгуур тавьдаг юм байна?
-Бид бүхэн зөвхөн хоёр өдөр тоглоод өнгөрөх биш фенүүддээ үлдэх “Хурд” нэрийн брэнд хөгжмийн холбогдолтой олон зүйл хийлээ.
Монголын түүхэнд анх удаа гэж хэлэгдэх Холлиувудын студид хэвлэгдсэн “Алтан пянз” маань АНУ-аас өчигдөр ирлээ. Энэ алтан фондыг анх удаа “Хурд” хамтлаг бий болголоо. Бидний хийж байгаа зүйл манай рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Ингээд бид бүхэн рок, попын түүхэнд анх удаа “Алтан пянз”-тай боллоо. Монголын ард түмэн үүгээр бахархах хэрэгтэй. Бид дэлхийн алдартай дуучид “Алтан пянз” гаргалаа гээд л мэдээнээс сонсдог байсан бол одоо өөрсдөө "Алтан пянз"-тай болчихлоо.
Энэхүү пянзийг хийлгэсэн үйлдвэрт дэлхийн бүх одууд хийлгэсэн юм байсан. Хэвлэж байгаа үйлдвэр маань тухайн хамтлагийг судалж хэдэн концерт тоглосон байна, байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм байна гэх зэрэг гол шалгуурыг тавьдаг юм билээ. Энэ 20 жилийн туршид уран бүтээл хийхдээ бид бүхэн аль хэдий энэхүү гайхалтай алтан пянз хийлгэх эрхтэй болсон байна гээд бодохоор сайхан байлаа. Наадмаас хойш дөрвөн сар хөөцөлдсөний эцэст биеллээ шүү дээ.
“-Алтан пянз”-тай болох хамтлагийн тань хамгийн том мөрөөдөл байсан биз?
-“Алтан пянз” бол амьд хөгжим тоглодог хамтлагуудын хамгийн том мөрөөдөл юм. Энэхүү пянзийг хийлгэсэн үйлдвэрт дэлхийн бүх одууд хийлгэсэн юм байсан. Бид “Хард рок” музей үзээд явж байхдаа алтан пянзийг харж дотроо нэг ийм пянзтай болох юмсан гэж мөрөөддөг байсан юм. Гэтэл одоо мөрөөдөл маань биелчихлээ. Энэ 20 жилийн ойгоороо хийж байгаа хамгийн нүдээ олсон том бэлэг байх болно гэдэгт итгэлтэй байгаа. Манай пянз нь алдарт дуучин Леди Гагагийн алтан пянз хөглөгдөж дууссаны дараа араас нь бичигдсэн юм. Энэ бол маш их аз завшаан шүү.
-Хурд хамтлагийн 20 жилийн ойн фенүүддээ барьж байгаа сюрпризийн талаар дурьдахгүй юу. Хамтлагийн түүхийг өгүүлсэн ном гарч байгаа гэсэн энэ талаар?
-Манай хамтлагийн 20 жилийн түүхийг илэрхийлсэн ном ирэх XII сарын эхээр бэлэн болно. Номныхоо нээлтийг “Интер” номын дэлгүүрт албан ёсоор хийнэ. 20 жилийн ойд зориулсан түүхэн ном зайлшгүй байх ёстой л доо. Ном гэдэг чинь гэгээлэг, оюунлаг гоё зүйл шүү дээ. Энэхүү номыг авч уншсан хүн бол “Хурд” хамтлагийн ертөнц, түүхээр илүү их аялах болно гэдгийг хэлмээр байна. Энэхүү номонд бид бүхний түүх 1993 оноос хойш он дарааллаараа гарах болно.
-Монголын рок попын хөгжлийг 49 жил гэж авч үзвэл үүний 20 жилтэй нь “Хурд” хамтлаг хамт байжээ. “Хурд” хамтлагийн өнөөдрийг хүртэл бий болгосон орон зайг тодорхойлооч?
-Манай хамтлаг бүгдийг эзэлчихлээ гэж хэлж болохгүй. Бид бүхэнтэй хамт байсан рок попын шилдэгүүд Камертон, Номин Талст, Дуучин Б.Сарантуяа, Т. Ариунаа, Чингис хааны Жаргалсайхан гээд энэ шилдэгүүдтэй хамт байгаадаа л би маш их баяртай байдаг. Одоо манай рок поп хөгжиж эхэлж байна. Хөгжлийнхөө гараан дээр л зогсож байна.
-Анх урлагт хөл тавьж байхад бас л амаргүй байсан биз?
-Тэгэлгүй яахав. Урлагийн тайзаа орхилгүй, нэг ч өдөр банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна. “Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр уран бүтээлээ туурвиж ирсэн. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайзнаас зайл” гэж хөөж байлаа. Бид нар тайзан дээр гараад өөдөөс “Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртай байна.
-Энэ их хүнд шалгуурыг туулж анх “Цэргийн бодол” дуугаараа олонд танигдаж байсан. Тэгвэл одоогоор яг хэдэн дуутай болоод байна вэ?
-Мэдээж “Цэргийн бодол” гэдэг дуу бол ард түмэнтэй холбож өгсөн гүүр юм. Маш их булган сүүлтэй сайн уран бүтээл болсон. “Цэргийн бодол” дууг дагаж манай хамтлаг 12 цомог 180 гаруй дуутай болсон байна. Тэгэхээр энэ дуу бол яах аргагүй хайрлаж хүндэлж явах алтан үсгээр бичигдэх дуу гэж боддог.
-Хамтлагийн тань нэг онцлог бол ах дүүгээр нийлж уран бүтээлээ хийдэг. Аав, ээж тань урлагийн авъяастай хүмүүс байдаг уу?
-Нэг хамтлаг болж ажиллана гэдэг амаргүй даваа юм. Манай ээж аав бол урлагийн хүмүүс биш, жирийн л нэг төмөр замчид шүү дээ. Одоо тэтгэвэртээ гарсан хүмүүс байгаа. Манай ээж бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын гаралтай хүн байгаа. Завхан нутгаас дуучид, хуурчид их төрдөг гэсэн. Тэгэхээр ээжийн талын удам бол их дуу, хууртай хүмүүс байсан болов уу гэж дотроо бодож явдаг даа. Хамтлаг байгуулагдсан түүх маань их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга” хамтлагт соль гитарчин байлаа. Ингээд 1992 онд басс гитарчин Б.Наранбаатар, Д.Ганбаяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт бөмбөрчин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамтлаг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодоод дүүгээ хамтлагтаа авч гар нийлж байлаа. Тэгээд сүүлд Цогоо цэргээс халагдаж ирээд л бүрэн болсон доо.
-“Чоно” хамтлаг уран бүтээлээ хийж байгаа юу. Ах нарын хувьд дүү нартай их л зүйлийг захина биз?
-Дүү нартаа сургамжтай үг хэлэлгүй яахав. Хүн л юм хойно алдаатай юм хийнэ. Урлаг бол хатуу нэг уналтанд орсон тохиолдолд эргэж босоход хэцүү. Тэгэхээр энэ урлагийн тавцанд хүн амьдралыг зөв харж, зөв гишгэж явахгүй бол болохгүй гэдэг талаас нь сайн захиж хэлдэг.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 0 )