Зулын 25-нд хийх зан үйлийг та мэдэх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Зулыг ихэвчлэн гадаа өргөж Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж Богд ламын магтаал, залбирал уншиж. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж тос идэж цэнгэдэг.


Зарим газар муулсан малынхаа баруун бөөрний өөхөөр зул хийж өргөдөг нь нэг талаас өөрсдийн хийсэн амьтны амь хорлосон нүглээ наминчилж нөгөө талаас хороогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэг.


Зул өргөхдөө дараах номуудыг уншина.
-“Ум аа хум” хэмээн гурвантаа хэлээд

“Ум намо ва га вади базар сара брамадани дата гадая архади самъяа сам буддаяа дадьяата ум базар базар маха базар махадэеза базар маха бидъяа базар маха боди зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар еэ суха” гэж тахил арвижуулах тарнийг уриад зулаа өргөнө. Өргөсний хойно:
Энэ зулыг шамдан өргөсний буянаар
Эрхэм билгүүний зулыг түргэн олоод
Эх болсон хамаг амьтан бүгдийн
Эмгэнэлт мунхгийн хирийг арилгах болтугай.
Тосон далай машид хуйларсны дунд
Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр
Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд
Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай
хэмээн залбиран уншина. Ер нь зул өргөх ном олон янз байгаа ч түүнээс аль чадахаа уншаарай.
Богд ламын дүйчэн зулын 25-нд зул өргөхдөө ч тэр, тэр өдрийн туршид “мигзэм” унших нь буяныг цаглашгүй хураах аньстай юм. Мигзэм тэр нь:
Зоригдол үгүй энэрлийн их сан Аръяавал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушир
Шулмасын аймгийг хоцроолгүй дарагч Очирваани
Цастын орны оройн чимэг Зонхава
Лувсандагвын өлмийд залбирмуй хэмээх болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top