Хэрэг үйлдэгчдийн хуудуу нь гурван жилийн өмнөөс яригдаж, илэрч эхэлсэн МИАТ-ийн мөнгө угаасан луйврын хэргийг Улсын дээд шүүх зүсийг нь хувирган өршөөсөн асуудлыг манай сайт мэдээлсэн. Ерөөс Монгол Улс хэзээ шударга шүүхтэй болох вэ? гэдэг асуудлыг билэг тэмдгийн чанартайгаар яриад байж болохгүй гэдгийг энэ хэрэг шийдвэрлэгдсэн байдлаас харж болох юм. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн захиалгаар Шүүхийн шинэтгэлийн хуулиудын төслийг УИХ-аар батлуулж, улс орон даяар шинэтгэлийн үйл явц амжилттайгаар өрнөж байна гэх мэдээллийг өгч байгаа ч, үнэн хэрэгтээ шинэтгэл хэнд үйлчлээд байгаа нь бүрхэг байгаа юм. Түүнчлэн шүүх шударга бус байгааг илтгэх баримтуудын хажуугаар нүдэн балай чихэн дүлий өнгөрөөд байж боломгүй. Тиймээс ч шүүхийн шатанд хуудуу орсон хэргүүдийн талаар цувралаар хүргэх нь зөв гэж үзлээ. Энэ удаад Анод банкны хэрэгтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Монголын санхүүгийн зах зээл дээр 2008 он хүртэл 17 жил ажиллаж, 300 тэрбумын активтай, 200 тэрбумын зээлтэй, 30-50 сая ам.долларын үнэ цэнэтэй, хэдэн зуун тэрбумын орлогыг төсөвт төвлөрүүлж, улсын эдийн засгийн 10 хувийг бүрдүүлж байсан энэ том банкны дампууралд дотоод удирдлагуудын үйл ажиллагаанаас гадна улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн дарамт шахалт нөлөөлсөн гэх хандлага өнгөрсөн жилүүдэд байж ирснийг эхлээд тодотгоё. Ер нь бол Анод банкийг дампуурахаас аврах боломж Төв банкинд байсан талаар баримтуудыг ч манай сайт өмнө нь хүргэж байсныг уншигчид маань санаж буй биз ээ. Ямартай ч Анод болоод Зоос банк үүдээ барьсан тэр үед Монгол Улсын ДНБ өмнөх оноос 1,6 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4 хувьд хүрсэн нь тухайн банкны эдийн засаг дахь хувь нэмрийг тодотгоод өгч буй тодхон жишээ юм. Харин “Анод”-ын чамгүй хугацаанд бүтээн босгосон байр суурь хөөс болж балрахад хүргэсэн буруутнаар өдгөө ял сонсоод байгаа нэр бүхий зургаан эдийн засагчаас гадна Монголбанк, СЗХ гэхчлэн холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх үндэслэлүүд өнгөрсөн хугацаанд гарч ирсэн баримтуудаас харагддаг ч, бодит байдал өөр. Ерөнхийдөө Анодын уналтын ард улстөр, эдийн засгийн нөлөө бүхий нөхдүүд байгаа гэдгийг үгүйсгэж болдоггүй шиг бат ноттойгоор нэг тийш болгоход бас саад тээг чамгүй байж ирсэн юм. Мөн Анодыг ялгаварлах хандлага дампуурахаас нь хэдэн жилийн өмнөөс л байж ирсэн гэх мэдээлэл гадагшилж байсныг эргэн саная. Тус банкны стратеги нь уул уурхайн салбарт түлхүү анхаарч 200 орчим сая долларыг уул уурхай, зам, тээврийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм хэлбэрээр оруулж, цаашид ч өшөө нэмэгдэх хандлагатай байсныг анхаарч үзэхэд гэмгүй. Өдгөө Монголын уул уурхайг дагаж орж ирж байгаа мөнгөний урсгал гадны угшилтай банкуудаар дамжиж байгааг бид мэдэх билээ.
Түүнчлэн Анодыг дотооддоо түлхэх хандлага байсныг илтгэх нэгэн жишээг дурдахад тус банк бусад банкуудаас хугацааны хувьд хожимдсон ч гэсэн үйлчилгээний уян хатан нөхцөлтэй, боломжийн хямдхан үнээр, дэлхийн хаана ч үйлчлүүлэх боломжтой олон улсын эрхтэй VISA картыг гаргаж байсан. Тэгэхэд нөлөө бүхий банкуудаас Анод банкийг “удахгүй дампуурах гэж байгаа, маш муу банк” гэсэн хов VISA International-д очсоноос болоод аль 2004 оноос гаргахаар төлөвлөж байсан картаа төлөвлөсөн хугацаандаа гаргаж чадаагүй гэдгийг тус банкны нөхдүүд хэлдэг. Мөн ийм ярианаас болоод VISA International-ийн үндсэн гишүүн болох асуудал нь бүтэлгүйтэж, аргагүйн эрхэнд дэд гишүүн болж байжээ. Дараа нь хямдхан карт гаргалаа, үнээ өсгөж бидэнтэй адилхан болго гэж мөн л зарим нэг банкуудаас дарамталж байсан нь Монголд шударга өрсөлдөөн байдаггүйн тод жишээ хэмээн Анодынхон үзэж байсан байдаг.
Тэгэхээр энэ нь Монголын санхүүгийн зах зээл дээр эдийн засгийн утгаараа орон зайгаа эзэлсэн хүчтэй банк урагшлахын тулд бас л амаргүй нөхцөл дор байдгийг илтгэсэн энгийн нэгэн жишээ гэж харагдахаар байгаа. Өдгөө Анодын удирдлагууд гэмтний хувиар нийгэмд байр сууриа “эзлээд” байгаа энэ үед банкны дампууралд онцгой хувь нэмэр оруулсан нөхдүүд нуугдаад үлдэж байх магадлал бий. Тэрчлэн, шүүхээс Анодынхныг гэмт хэрэгтэн гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор “Иргэдийн Альяанс” төвийн тэргүүн Ж.Занаагийн илэрхийлсэн байр суурь анхаарал татдаг. Тэрээр Монгол улс хэзээ ШУДАРГА ШҮҮХТЭЙ болох вэ????? хэмээн асуун өгүүлсэн дараах байр суурь нь эхэнд өгүүлсэнчлэн шинэтгэгдээд байгаа шүүхийн үнэн нүүр царайг илтгэж байж болох. Ингээд Анодтой холбоотой шүүхийн шийдвэрт ямар асуудал байгаад анхаарал хандуулъя.

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь “...хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, ...ийг ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХАД” оршдог. Эрүүгийн хэрэг гэдэг бол “Зэвсэг, хэрэгслийг хайж олсон, шинээр хийсэн, төхөөрч тохируулсан, хамтран оролцогчийг сонгож авсан, гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх бусад нөхцөл, боломжийг санаатай бүрдүүлснийг ...үзнэ” хэмээн Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлд заасан байдаг. Харин Анодынхан ямар зэвсэг хэрэглэсэн, шинээр хийсэн, төхөөрч тохируулсан, хамтран оролцогчоо хэрхэн сонгон авсан, хэрхэн үгсэн тохиролцсон талаар нотлох баримтууд нь шүүхийн хавтаст хэрэгт байдаггүй, бас “ГЭМТ ХАЛДЛАГА” хийснийг нотлох баримт ч мөрдөн байцаалт, шүүхийн явцад нэг ч удаа яригдаж байгаагүй юм билээ.
2. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Харин Анодынхон ямар албан тушаал, ажил үүрэг гүйцэтгэдэг байсан, ямар эрх, үүрэгтэй байснаас нь үл хамааран бүгдэд нь ижилхэн 150, 156 гэсэн заалтуудаар, тэр тусмаа хамгийн чанга заалтуудын дагуу шийтгэж байгаа билээ.
3. Эрүүгийн хуулийн 150.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг ИТГЭМЖЛЭГДЭН ХАРИУЦСАН ЭТГЭЭД завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ. Гэтэл Анодын Даваа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг ИТГЭМЖЛЭГДЭН ХАРИУЦСАН ЭТГЭЭД хэзээ ч байгаагүй, ийм эрх, үүрэг бүхий АЛБАН ТУШААЛ ч эрхэлж байгаагүй хүн юм. 2005 он хүртэл ТУЗ-н дарга, 2008 он хүртэл ТУЗ-н гишүүн байсан Анодын Даваа Монгол улсад мөрддөгддөг Банкны хуулийн 31.3.2-д “Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох” гэх мэт заалтуудын хүрээнд л ажлаа явуулж байсан хүн.
4. Эрүүгийн хуулийн 156.1-д “Эрх бүхий байгууллагын ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР банк нээсэн, БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬ БУСААР ЯВУУЛСНЫ улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэтэл Анод банк 1999 оны 5 сараас 2008 оны 12 сар хүртэл үйл ажиллагаа явуулсан бүхэл бүтэн 9 жил эрх бүхий байгууллагын ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬ БУСААР ЯВУУЛЖ байсан гэвэл итгэх эрүүл ухаантай хүн олдох болов уу?
5. Харин Монгол банкнаас томилогдсон эрх хүлээн авагчид өөрсдөө сар болгон хэдэн саяар тоологдох цалинг Анод банкнаас авч байсан атлаа хэрэгт ач холбогдолтой их хэмжээний хөрөнгийг битүүмжилж, тухайлбал тэр үед 40 тэрбум долларын үнэт хүрээд байсан Олон овоотын лицензийг яагаад хамгаалан авч үлдээгүй юм бэ?
6. Энэ мэтчилэн Анодынханыг Эрүүгийн хуулиар шийтгэх гэж улайран зүтгэхдээ прокурорууд, шүүгчид Эрүүгийн хуулийг ч зөрчжээ. Тухайлбал, тус хуулийн 33.1-д “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураараа, төгс татгалзсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж байна. Гэтэл “хувьцаа гаргах цаг нь болоогүй” гэж ТУЗ-н хуралд саналаа хэлж байсан Анодын Давааг тухайн асуудлаар тулгаж байгаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй... Баянзүрхийн шүүгч Баатар, “гавъяат” Сарантуяа нар "Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглаж байснаа яагаад МАРТАВ? ТАНГАРАГАА зөрчсөн төрийн албан тушаалтан ямар хариуцлага хүлээдэг юм бэ? Чингис хаан бол цаазалдаг байсан гэж түүх сударт бичигдсэн байдаг даа...Гэхдээ манай ардчилсан Монгол цаазын ялгүй болж байгаа орны нэг. Хүний алтан амийг төр нь өөрөө хөнөөж болохгүй хэмээх хүмүүнлэг зарчим байдаг учраас. Үүнтэй дүйцэхүйцээр ардчилсан, чөлөөт зах зээлийн зарчмаар арай ядан зүтгэж байгаа иргэдээ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН болгож амь нас, эрүүл мэнд, амьдралаар нь даажигнаад байж болдог юм уу???
7. Эрүүгийн хуулийн 44.1-д “Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Гэтэл Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан Анодынхан ЯАГААД эрүүгийн хариуцлага хүлээдэг юм бэ? Харин эсрэгээрээ Монгол банк, Сонгуулийн зохицуулах хороо эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бус уу? Гэхдээ би хувьдаа төрийн, ТББ-ийн, аж ахуйн үйл ажиллагааны алдаа, дутагдалыг эрүүгийн хуулиар шийтгэхийн эсрэг байнаа.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл Анодын Даваа дээр хэлсэнчлэн Банкны хууль, Компанийн хуулийн хүрээнд зээл өгдөг эрх мэдэлтэн биш, банкны өдөр дутмын ажилд оролцдоггүй байсан атлаа “зээл өгсөн”, “хувьцаа гаргасан”, “завшсан” хэмээн ХУУЛЬ БУСААР буруутгагддаг юм бол?
9. Эцэст нь дүгнэхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд “Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно” гээд 24 дүгээр зүйлийн 1-ийн 1 “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” байх гэж заасан байна. Гэмт хэргийн бүрэлдүүн гэж юу байдгийг шүүгчид өөрсдөө мэдэх тул нуршиж тайлбарлах гэж оролдсонгүй.” хэмээсэн байна.
Тэгэхээр энэ мэт байр сууриас үзэхэд Анодын хэрэгт лавшруулах өнцгүүд олон байгаа юм. Жишээ нь, хэрэв Анод гэдэг банк зөвшөөрөлгүйгээр үүдээ нээж, банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж байгаа юм бол Монголбанк ямар нүүрээрээ асуудлын гадаа цэв цэвэрхэн үлдээд байна вэ? Мөн Санхүүгийн Зохицуулах Хороо гэдэг байгууллагын дархлагдсан дарга Д.Баярсайхан, УИХ-ын экс гишүүн Р.Содхүү гэхчлэн энэ асуудалд нэр нь холбогдох нөхдүүдийг яагаад гадаа нь үлдээв гэхчлэн олон асуудал анхаарал татаж байгаа юм.
“Шинэтгэгдээгүй бохир шүүх цуврал” үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 4 )
j
Сэтгүүлчид баярлалаа. Үнэн хэзээд ялдаг. Энэ банкны залуусын сэтгэж,бүтээж,зо рьж байсан бүхнийг ойлгох мэдрэх чадвар дутсан төр,хуулийнханы атираагүй гөлгөр тархинаас, бизнесийнхэний шударгаарөрсөлд өх чадваргүйгээс тамын тогооны үлгэрээр амьдрагчхархнуу даас болж Анодыг дампууруулах зохиол бичигдсэн юм даа.
Гэтэл Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан Анодынхан ЯАГААД эрүүгийн хариуцлага хүлээдэг юм бэ? Харин эсрэгээрээ Монгол банк, Сонгуулийн зохицуулах хороо эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бус уу?
АНОД банкны удирдлагуудыг цагаатгах хэрэгтэй. Эд үнэхээр өөрсдийн хөдөлмөрөөр ченжээс банк байгуулах хүртэл явсан. Банк нь яалт ч үгүй ард түмнийх байсан... Монгол ийм залуучуудыг улс төр, атаа хорсол, албан тушаалаас болж хэлмэгдүүлэх нь буруу л гэж бодож байна. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагчид нь хариуцлага хүлээдэггүй. Бизнесээ босгох гэсэн тэдэнд юун буруу байгаам. Хууль сахин, хэрэгжүүлдэг төрийн мулгуу албан хаагчид /санхүүгийн хороо/ зөвшөөрсөн байхад хувьцаа гаргасан нь буруутай гэж үү. Бараг л сар бүр шалгадаг /монголбанк/ нь олон жил дуугүй байсан юм биш үү...