Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” журмыг баталсан. Энэ журам нь нийслэлийн бүх сургууль дээр хэрэгжих юм байна. Эцэг эхчүүд эргүүлд гарсанаар хүүхдүүд асран хамгаалагчгүй явж байгаад хүчирхийлэлд өртөх мөн хулгайд эд зүйлсээ алдах эрсдэлийг таслан зогсооход ихээхэн нөлөө үзүүлэнэ гэж үзэж байгаа аж. Ингээд энэ ажлын үр дүн, эцэг эхчүүд хэр идэвхитэй оролцож байгаа талаар сурвалжилсан юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль дээр очлоо. 23 дугаар сургууль нь эцэг эхчүүдийн дунд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж эргүүл хийх өдрөө сонгосон байна. 2850 хүүхэдтэй 23 дугаар сургуулийн эцэг эхчүүд жилд ганцхан удаа эргүүл хийж жижүүрлэх аж. Эргүүлд гарах өдөр нь тухайн эцэг эхэд цалинтай чөлөө өгөхөөр шийдвэрлэсэн аж. Зарим хувийн байгууллагууд чөлөө өгөхгүй байгаа талаар багш нар ярьж байсан юм. Хэрвээ чөлөө өгөхгүй бол тухайн байгууллагыг торгоно гэсэн шийд гаргаад байгаа аж
Өчигдөр тус сургуулийн долдугаар ангийн сурагчдын ээж, аав жижүүрт гарч байсан юм. Эргүүл хийхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь өдөр ээлж солигдох үе байдаг гэж сургуулийн нийгмийн ажилтан ярьж байв. Өдрийн ээлж солигдох үеэр очиход эцэг эхчүүд нь хүүхэдээ авч, мөн хүргэж өгөн ёстой л бужигнаж байлаа. Эргүүлд гарч байгаа эцэг эхчүүд зарим бага ангийн хүүхдийн хувцасыг хүртэл өмсгөж өгч байгаа нь харагдаж байв. Ингээд эргүүлд гарч байсан Д.Батчулуунаас энэ үйл ажиллагааны талаар асуухад “Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын хийж байгаа ажлыг дэмжиж байгаа. Манай бага хүүхэд 23 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурдаг. Нэг өдөр хүүхдийнхээ сургуульд жижүүр хийгээд эргүүлд гарахад болохгүй юм байхгүй. Би өөрөө Мэргэжлийн хяналтын газар ажилладаг. Манай байгууллага шууд чөлөө өгсөн. Би өглөө 07-30-13.30 минут хүртэл жижүүр хийж байна. Жижүүр хийж байх хугацаанд нэг хүндрэлтэй зүйл ажиглагдлаа. Тэр нь өдөр орох ангийн хүүхдүүд өглөө маш эрт 10,11 гээд ирээд зогсчих юм. Гэртээ харах хүн байхгүй учраас эрт ирдэг юм шиг байна” гэсэн юм.
Тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгээс “SCHOOL POLICE”-ийн талаар тодрууллаа.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль дээр хагас өдөр эргүүлд гарах юм байна. Танай сургууль дээр энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Энэ захирамж гарахаас өмнө багш, оюутан, сурагчдын эргүүл гэж гаргадаг байсан. Манайд дадлага хийж байсан оюутан хүртэл эргүүлд гардаг байсан. Энэ захирамж гарсанаар бид бүхний ажилд илүү нэмэр болж байна.
-Эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Эцэг эхчүүд дэмжиж хүлээж авч байгаа. Жижүүр хийж эцэг эхчүүд зөвхөн сургуулийн эргэн тойронд зогсох биш ойр хавьд байгаа тоглоомын газар, дэлгүүр гэх мэт газруудаар явж шалгах ёстой байгаа. Зарим хувийн байгууллагад ажилладаг хүмүүс чөлөө өгөхгүй байгаа учраас эргүүлд гарч чадахгүй гэсэн хариу өгсөн. Бид бүхэн хариуд нь энэ таны үүрэг учраас хагас өдөр ирж жижүүр хийнэ үү хэмээн бичиг явуулсан байгаа.
-Танай сургууль хэдэн ээлжээр хичээлэлдэг вэ. Орой тарах үед хүндрэл их гарна биз?
-Манай 23 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Одоо өвлийн улирал болж байгаа учраас өглөө, орой харанхуй болсон цагт булан тохойд хүүхдүүдийн гар утсыг булаах, дээрэмдэх тохиолдол их гардаг. Ер нь энэ хүүхдийн эд зүйлсийг дээрэмдэж байгаа хүмүүс нь бүгд л эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байдаг. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдийнхээ төлөө хагас өдөр ажлаа зохицуулаад эргүүлд гараарай гэж хэлье.
Энэ сургуулиас гараад Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр очиход мөн л ногоон хантааз өмссөн эцэг эх эргүүлд гарчихсан байсан. 5 дугаар сургууль нь төв замын ойролцоо байдаг учраас хүүхдүүд зам хөндлөн гарах үед жижүүрийн туслалцаа их хэрэг болж байгаа гэнэ. Хүүхдүүд ч гэсэн айх аюулгүй амар тайван гарцаар гардаг болсон гэнэ. Харин хүүхэддээ хараа хяналт тавьж хүргэж өгч авдаг эцэг эх ховор байдаг. Зарим айлын хүүхдүүд гэрт нь харах хүн байдаггүй учраас 13.30-аас орох хичээлдээ өглөө эрт ирэхээс аргагүй байдалд ордог гэнэ. Манай улсад бага ангийн хүүхдийг хараа хяналтгүй тараад явж байхад хууран, мэхэлж машиндаа суулган хүчиндэх явдал энэ оны эхний арван сарын байдлаар цөөнгүй гарсан. Тийм учраас эцэг, эхчүүд үр хүүхэддээ анхаарал хандуулан хэрэгтэй байгааг багш нар ярьж байв. Мөн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль дээр очиход эцэг эхчүүд эргүүлд гарч байсан юм. Харин Нийслэлийн захын зарим дүүргүүдэд хэрэгжихгүй байгаа гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаанд байрлах сургууль гэхэд л хэрэгжихгүй байгаа гэнэ. Үүний дараа нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр дунд сургууль дээр очсон юм. Сургуулийн ойр орчимд “SCHOOL POLICE” гэсэн хувцас өмссөн нэг ч хүн харагдсангүй. Сургуулийн хүүхдүүдээс эцэг эхчүүд эргүүлд гарч байгааг лавлаж асуухад “Өчигдөр эцэг, эхийн хурал хийсэн. Тэгээд аав ээж хоёр 12 дугаар сараас эхлээд эргүүл хийж эхлэх юм байна гэж байсан тэгээд л мэдсэн” гэсэн юм.
Зарим сургуульд хэрэгжихгүй байгааг эс тооцвол эцэг эхчүүд идэвхитэй оролцож байгаа нь хүүхдүүдийн аюулгүй байдал, цааашилбал замын хөдөлгөөний түгжрэл, автын осол зэрэг эрсдэлтэй хүчин зүйлээс шууд хамгаалагдаж байгаа нь харагдаж байлаа.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 3 )
Тиймээс улсын сургуулийн багш нарыг өдөр өнжүүлэх ажлуулахыг хориглох хэрэгтэй.Яагаад цалин аваад ажил хийж байж хажуугаар нь өөр ажил хийх гэж. хүн өөрийгөө 2 хувааж болдоггүйтэй адил тэр багш хүүхэдээ сургахын оронд яаж өдөр өнжүүлэхдээ олон хүүхэд авах вэ гэж толгой нь гашлаж байна.өдөр өнжүүлэх байх ёстой юу? байх нь туйлын зөв.Үүнийг хуулийн хүрээнд зохицуулж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн хүн тэтгвэрт гарсан багш нар нэг бол ажилгүй багш нарт ажлын байр гаргах нь зөв. Харин энэ байгууллаг нь хүүхдийн төлөө чинь сэтгэлээсээ ажллах хэрэгтэй.
энэ саналыг дэмжиж байна монголын хууль 3 хоног бүү байгаасай.23 -р сургуулийн захиргаа захиралын сонорт дуулгах юм байна. Танай сургуулийн багш нар дэндүү мөнгөний сонирхолд автсан байна.Багш нар нь өөрсдөө өдөр өнжүүлэх ажиллуулж мөнгө сааж байна.Тэр өдөр өнжүүлэхэд явж байгаа хүүхэдэд ямар ч үр дүн алга. Яг нэг мал хашиж байгаа юм шиг. Хичээл тархаар нь тууж аваачаад л хашиж байгаад ээж аавд нь хүлээлгэж өгдөг.Өөрөө ангийн багш нь юм болхоор даалгавар хийгээгүй ч байсан ямар өөрийгөө муулах юм биш чимээгүй л өнгөрдөг. Ийм л хүүхдийн эрх зөрчсөн асуудал байгаад байна.Тэр өгж байгаа хоол нь үнхээр хэцүү.
zovoo zov