Айсуй шинэ жилийн уур амьсгал аль хэдий орж хотын гудамж гоёл зүүсгэлээ зүүгээд эхэлчихжээ. Зарим албан газрууд гаднах талбайдаа томоос том гацуур байрлуулан чимэглэсэн нь гудамжаар яваа хүмүүсийн харцыг эрхгүй булаана.
12 дугаар сар хараахан гараагүй байгаа ч шинэ жилийн даашинзны сезон аль хэдий оржээ. Жилдээ ганц удаа болдог энэ баяраар бүсгүйчүүд илүү их зардал гаргадаг гэж болохоор. Учир нь үс засалт, гоёлын будалт, маникур гээд үргэлжилнэ. Хамгийн гол нь даашинз. Нэг үдшийн гоёлдоо хэдэн зуун мянган төгрөг төлж гоёлын хувцас авах нь ердийн үзэгдэл болоод буй. Эдгээр үнэ цохиж авсан даашинз нь шинэ жилийн баярт зориулагдсан учраас гялгар гялтгар чимэглэл их. Тиймээс энгийн үед төдийлөн өмсөгдөхгүй. Харин шинэ жилийн үдшийн даашинз дараа энгийн үед ч өмсөж болохоор хэр нь чамин байх нь бүсгүйчүүдийн хувьд ихээхэн хэмнэлт болдог. Харин энэ жилийн тухайд энгийн даашинз ч гялгар гялтгар чимэглэлтэй байгаа учраас үүнд дараа өмсөж болохгүйн зовлон байхгүй. Харин өнгө хийгээд загвараа л зөв сонгох нь чухал.
“Бөмбөгөр”-ийн даашинз ямар үнэтэй байна вэ?
Хотын төвийн цорын ганц зах болох “Бөмбөгөр” худалдааны төв хэзээний хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэсэн ч хэдий ч үнэ цохьсон, чанараа гайхуулсан тансаг гэмээр даашинз алга. Харин материалын хувьд тааруу ч, загварын хувьд боломжийн даашинзнууд байна. Гэхдээ үнэ өртөгийн хувьд 45 мянгаас 85 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тус худалдааны төвд зарагдаж байгаа даашинзнууд ихэвчлэн эрээнээс ирдэг бөгөөд бусад зах, худалдааны төвийг бодвол харьцангуй хямд гэж байв.
Прокатны ханш 20-30 мянган төгрөг байна
“Бөмбөгөр” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах прокатны газарт ороход өнгө өнгийн олон даашинз байсан бөгөөд захиалга авч эхэлсэн учраас тус газрын ажилчид даашинзыг засаж, янзалж байсан юм. Үнийн хувьд урт богино гэхгүй бүгд 20000-30000 мянган төгрөгний өртөгтэй байсан юм.
Харин томоохон салоны хувьд арай үнэтэй байсан юм. Ялангуяа энэ жил моданд орж байгаа загвар нь загасан болон нуруу ил гарсан даашинз өртөг өндөртэй байлаа. Үүнээс гадна зарим дэлгүүрийн лангуун дээр хар цагаан болон классик загварын даашинз ихээхэн өлгөөтэй харагдаж байв.
Энэ жилийн гоёлын даашинзны өнгө болоод загварын чиг хандлагын талаар “Этно” салоны ахлах дизайнер Ц.Уранчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Танай салоны гоёлын даашинз үнэ өртөгийн хувьд ямар байна?
-Манай даашинзууд бүгд шинээр ирсэн байгаа. Үнийн хувьд 20-50 мянга, 50-80 мянга, 80-120 мянган төгрөгний хооронд байна. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж болохоор ажил ихтэй загварууддаа дарагдаад сууж байна.
-Энэ жил ямар даашинз моданд орж байна. Гадуур яваад харахаар нуруу ил гарсан, загасан даашинз олон харагдсан?
-Тийм ээ, энэ жилийн хувьд загасан, нуруугаа ил гаргасан даашинз ерөнхийдөө их байгаа. Энэ даашинзыг 16-р зуунд өмсөж байсан ч одоог хүртэл моданаас гараагүй явж байна. Монголд гэвэл байнга л загвар болж байсан бөгөөд зарим нэг газар ганц хоёр газар үзэгдэгддэг болохоор моданаас гарсан мэт санагдсан байх. Энэ жилийн хувьд энэ загвараас гадна классик даашинз шинэ жилийн гоёлын хамгийн сайхан даашинз байх болно.
-Классик гэхээр хар цагаан өнгө санаанд орж байна. Тэгэхээр энэ жил хар цагаан өнгийн даашинзаар ихэвчлэн чимж магадгүй гэж та бодож байна уу?
-Тэр бол хувь хүний сонголт. Ер нь бол хар цагаан өнгө түлхүү байх болов уу гэж бодож байна. Гэхдээ цагаан өнгө илүү их давамгайлана. Учир нь эмэгтэйчүүдэд цагаан өнгийн хувцас их зохидог. Мөн эрч хүчтэй харагдахыг хүссэн хүүхнүүд их байдаг болохоор дийлэнх эмэгтэйчүүд цагаан өнгийг сонгох болов уу.
Р.Бадамсүрэн
Сэтгэгдэл ( 0 )