Ирэх сарын 4-9 нд ТҮК- ийн ажилчид Сингапурт аялана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 454 үйлчлэгч, хог цуглуулалт, тээвэрлэлтэд 288 жолооч, 416 ачигч ажиллаж байгаа ажээ. Нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэр цэмцгэр, хог шороогүй байлгахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн ажилчдын дунд "Хоггүй гудамж-Хоггүй хороо" болзолт уралдааныг зарлажээ. Уралдааны шилдгүүдийг Хонконг, Сингапур руу аялах эрхийн бичгээр шагнахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга  ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зам талбайн 9 үйлчлэгч, 5 жолооч, 3 ачигч гээд нийт 17 ажилтанд аяллын эрхийн бичгийг нь гардуулсан байна.  Өнөөдөр эрхийн бичиг гардан авсан 17 ажилтан ирэх сарын  4-9-ний өдрүүдэд Хонконг, Сингапур руу түүвэрчилсэн аялал хийх бөгөөд аяллын явцад Хонконгийн ТҮК-ийн ажилчдын ажилтай танилцах юм. Энэ удаагийн аялалд нэг хүний зардалд 3,250,000 төгрөг зарцуулж байгаагаас гадна дүүргүүдийн ЗДТГ-аас аяллаар явж буй ажилтнууддаа урамшууллын мөнгө өгөхөөр төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагууд Тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд 300-400 мянган төгрөгийн дундаж цалинг нэмж 450-650 төгрөг болгоод байгаа бол  ажлын бүтээмжээсээ шалтгаалан зарим ажилтнууд 1 сая 200 хүртэлх цалин авч байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top