Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ны өдрийг дэлхий нийтээр “ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан ЭМЯ НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 2015 он гэхэд шинэ халдварын тоог тэглэх, нас баралтыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх гэсэн уриан дор хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил манай улс ч “ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТЭГЛЭЕ” уриатайгаар дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ үеэр ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа "Монгол улс залуучуудын орон. Иймд энэ халдварт өртөхгүй байхын тулд та бүхэн ялангуяа залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх болон бусад урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол улс өнөөдрийн байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалттай орон. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )