Өнөөдөр Лаосын өдөрлөгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Монголын Залуучуудын Холбоо 20 гаруй улс оронтой харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж, найрсаг харилцаагаа бататган, цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийн тулд тухайн улс оронтой хамтарч олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд ирэх 12 сарын 2-нд болох Лаосын үндэсний өдрийг угтан Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг”-ийг өнөөдөр МЗХ-ны төв байрны нээлттэй танхимд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь Монгол Лаос улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны залуусын нөхөрсөг харилцааг батжуулаад зогсохгүй залуус хоорондоо мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой юм. Өдөрлөгийн хөтөлбөрт МЗХ-ны үйл ажиллагаа болон Лаос улсын танилцуулга, үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, 2 орны залуусын танилцах хөгжөөнт тэмцээн багтажээ. Арга хэмжээнд Монгол улсад сурч байгаа Лаос оюутнууд оролцоно. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 6-р сард Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бүнньян Сайсанвонгтой МЗХ-ны төлөөлөл уулзсан бөгөөд энэ үеэрээ  Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо (ЛАХЗХ) –ны урилгаар албан ёсны айлчлал хийх, хамтын ажиллагааны хөтөлбөр батлах, Монгол улс болон Лаос улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарт харилцан мэргэжилтэн солилцох зэрэг олон асуудлын талаар ярилцсан. Үүний нэг жишээ бол ирэх амралтын өдөр зохион байгуулагдах “Монгол-Лаосын соёлын өдөрлөг” болох аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top