Оны сүүлчийн бөгөөд шинэ арванхоёрдугаар сарын хамгийн эхний долоо хоногийн эхлэл өдөр өнөөдөр тохиож байна. Зиндаа.мн сайтын долоо хоногийн тойм даваа гарагт танд хүрдэг билээ.
Утааг 26 хувиар бууруулсан Ц.Элбэгдоржийн гавьяаг Н.Алтанхуяг үргэлжлүүлэх нь...
Сая хол давсан иргэнийхээ уушгийг уйлуулахгүйн тулд Нийслэл хот агаарын бохирдлыг бууруулах тухай хуультай болоод гурван жилийн нүүрийг үзэж байгаа ч, тусыг эс олсныг бид бүгдээрээ мэднэ. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжсэн нь анхаарал татсан асуудал байлаа. Энэ хуулийн төсөл нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэхийг тодотгосон төсөл юм. Өмнө нь энэ хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн харьяанд байсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгч маань утааны эсрэг тэмцлээ Ерөнхий сайдад даалгах бололтой.

Ямартай ч хэдхэн өдрийн өмнө “The Economist” сэтгүүлээс Хонконгд зохион байгуулсан “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцох үеэр “The Economist” сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал жилээс жилд хурцадсаар байна. Утааны асуудал бага ч гэсэн хөрөнгө оруулагчдыг үргээх нэг хүчин зүйл болдог. Үүнийг хэрхэн шийдэж байна?” хэмээн манай Ерөнхийлөгчөөс асуусан байгаа. Харин Ерөнхийлөгч “Өвлийн улиралд Монголд утаа ихэсдэг. Нийслэлийн нийт айл өрхийн 40 гаруй хувь нь гэр хороололд байдаг бөгөөд түүхий нүүрс түлж амьдардаг. Шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, эсвэл орон сууц ихээр барьж байгуулах зэрэг арга замаар нийслэлийн утааг багасгана гэж үзэж байна. Энэ ажлыг хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний ачаар нийслэлийн утаа 26 хувиар буурсан гэж тооцоолсон. Гэвч агаарын бохирдол Монголын нийт газар нутгийн нэг хүрэхгүй хувийг эзлэх нийслэл Улаанбаатарын газар нутагт байна. Хотоос хэдхэн км гарахад л ямар ч утаагүй цэвэр, цэнгэг агаартай байдаг.” хэмээн хариулсан байна лээ.
Тэгвэл одоо агаарын бохирдлыг 26 хувь бууруулсан Ерөнхийлөгч маань утааны эсрэг ажлаа Ерөнхий сайдад шилжүүлэх нь.
60 гэсэн тоог З.Энхболд оруулж ирсэн үү...
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд долоо хоногийн эхний өдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүдэд тараасан 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байхаар тусгасан заалт байсныг илрүүллээ гэсэн юм. Тэрээр "ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг мөрдүүлэх нь Ардын намын бүлгийн гол байр суурь байсан. Гэтэл төсвийн эцсийн найруулгад өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэсэн зүйл заалт оруулж ирсэн байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тамгын газар алдаа гаргав уу, эсвэл УИХ-ын удирдлагын зүгээс ийм зүйл хийв үү. Үүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-аар яригдсаны эцэст хуулийн төсөл нь унасан байхад яагаад 60 гэсэн тоо энд орж ирэв. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хууль засах ажлыг хэн нэгэн хүн хийсэн бол ямар хариуцлага хүлээдгийг бид бүгдээрээ мэднэ. Энэ асуудлыг тодруулж шалгах шаардлагатай" гэснээр З.Энхболд хууль засав уу гэх хардлага үүссэн.

Харин УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн чанар болон тоо хэмжээ гэж байгаа. Үүнд сангийн сайд ямар үүрэг хүлээх бэ гэхээр өрийн хэмжээ 60 хувиас хэтрэхгүй шүү гэсэн санаа. Энэ нь 60 хувь байна гэсэн үг биш. 40 хувиар хязгаарлана, хуулийн хүрээнд мөрдөнө гэж ойлгож болно.” гэсэн байгаа. За ямартай ч өрийн хязгаартай холбоотой 60, 40 гэсэн тоонуудыг тойрсон байр сууриуд улстөржилтөөс хол байх учиртай гэдгийг хэлэх нь зөв болов уу.
Иргэдэд чирэгдэл үүсгэдэг гаж тогтолцоог халж чадвал ч...

Ер нь ямар ч төрлийн лиценз зөвшөөрлийг авахын тулд иргэн, хуулийн этгээд өч төчнөөн хүнд суртлыг даван туулж ирсэн нь үнэн. Тухайлбал, БОНХЯ-наас олгож буй 20 төрлийн лиценз зөвшөөрлийг авахын тулд 6-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 1-3 сар зарцуулахаас өөр гарц иргэн, хуулийн этгээдийн өмнө байдаггүй гэдэг асуудал “Ногоон хөгжлийн түншлэл” үндэсний чуулган дээр яригдаж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын ачаалал, иргэдэд чирэгдэл үүсгэдэг энэ тогтолцоог халах хамгийн оновчтой арга бол зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх гэдгийг засгийн тэргүүн хэлсэн. Хэрэв тэгээд хэрэгжиж чадвал ач холбогдол их гэдгийг тодотгоё. Төр бүх эрх мэдлийг атгаад суугаад байх тусам хүнд сурталждаг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээ бүхнийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар бизнест ээлтэй орчин бүрдүүлж, төрийн үйлчилгээг чанаржуулахыг зорьж байгаа гэх засгийн газар бага “ярьж”, бодьтой хийж чаддаг бол тулгамдсан асуудлуудыг ийм маягаар шийдвэрлэх таатай боломжууд бий гэдгийг тэмдэглэн хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Бултаараа түгжрэлгүй төр лүү зүтгэх нь...

Хагас сарын өмнө Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалт болж, эрхэм Ерөнхийлөгч “Монгол Улсын өмнө тулгамдаж буй гол бэрхшээл буюу бидний дундын зовлон гэж хэлж болно. Ганц төрийн, эсвэл Засгийн газрын, аль нэг намын асуудал юм уу, хэн нэг хүний зовлон биш. Монголын зовлон юм. Тийм учраас бүгдээрээ ярилцаж шийдлээ олохын төлөө ажиллах зөв гэж бодож байна. Ер нь биднийг нэг л өнгөөр буюу Монгол Улс, Монголын төр гэж хардгийг хэлэх нь зөв байх аа.” хэмээн хэлж байсан. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу ажиллана гэдгээ тод томруунаар илэрхийлэв. Тэрээр өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаан дээр нээлттэй, ухаалаг төрийг төлөвшүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Төрийн түгжрэл чирэгдэлгүй үйлчилгээг бий болгох чиглэлээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн арваад ажил хийсэн, гол нь мэдээллийн дэд бүтэц, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох явдал гэж үзсэнээ дурдаад буруу зөрүү юм хийсэн бол засаж залруулах, зөв зүйтэй эхлэлээ баталгаажуулж ажиллана хэмээн зөөлөн дуугаар өгүүлснийг нь долоо хоногийн тойм онцолж байна.
Баялгийн хуваарилалт ямар ч бодлогогүй явж ирснийг засч залруулна гэв
Уул уурхайн салбараараа гол түшиц хийн эдийн засаг, нийгмийн амьдралыг өөр түвшинд аваачихыг эрмэлзэж байгаа л юм бол, тун хариуцлагатай хандах ёстой. Тэгвэл Эрдэс баялгийн салбартай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд, иргэд, олон нийт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийтээрээ анхаарлаа хандуулж байж шийдэх ёстой гэдгийг Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Г.Уянга нарын гишүүд анхаарууллаа. Тэд Уул уурхайн түр хорооны бүрэлдэхүүний асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Улс орны эрдэс баялгийн салбарт байгалийн баялгийг ард иргэддээ тэгш шударга хуваарилах хуваарилалт ямар ч бодлогогүй явж ирснийг засаж залруулах үүднээс ийм түр хороо байгуулах санал, санаачлага гаргаж буйгаа тэд хэлцгээж байв. Мөн тэд чуулганы нэгдсэн хуралдаанаар уул уурхай, эрдэс баялгийн салбартай холбоотой чухал хуулиуд болох “Эрдэс баялгийн салбарт Төрөөс баримтлах бодлого”, “Алтны ил тод байдлын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” болон “Газрын тосны тухай” гэх мэт хуулиуд хэлэлцэгдэх гэж байгааг хэвлэлийнхэн, олон нийт анхааран харж байх ёстой гэдгийг ч хэлж байна.

Уул уурхайн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүний гаргасан саналыг энэ оны нэгдүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн түр хороог байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн боловч бүрэлдэхүүнийг нь батлаагүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс түр хороог 17 гишүүний бүрэлдэхүүнтэй батлуулах тухай хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлэх гэж буйгаа дуулгасныг онцолж байна.
Р.Амаржаргал бодоод дуусчихсан ч, АН бодож дуусаагүй байна

Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад,намынхаа ҮЗХ-оос гарах өргөдлөө намынхаа удирдлагад хандан гаргаад гурав дахь долоо хоногтойгоо золгож байна. УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болж байгааг нь илтгэсэн бат ноттой үндэслэлийг гарган тавихгүй, чимээгүй харзнасан байдалтай явсан тэрээр өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд өөрийн бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг хэлэлцэхгүй удсан шалтгааныг тодрууллаа. Харин Байнгын хорооны дарга А.Бакей "Гишүүн өргөдлөө УИХ-ын даргын нэр дээр гаргасан. Долоо хоног бүр байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны даргын хувьд Зөвлөлд гаргасан. "Хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ, одоохондоо болоогүй гээд хэлэлцэх асуудалдаа оруулаагүй" гэх хариултыг өгсөн юм. Харин Р.Амаржаргал гишүүн "Одоохондоо болоогүй" гэдэг нь юу гэсэн үг юм бол? хэмээн тодруулахад А.Бакей: Үүнийг холбогдох дарга нараас асуусан нь дээр байх. Миний ойлгож байгаагаар та бол АН-аас нэр дэвшиж, энэ намын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүн. Мөн танд сонгогч олон түмнээс итгэл хүлээлгэсэн мандат байгаа. Тийм учраас хувь хүнийхээ хувьд тунгаан бодох нь зүйтэй гэсэн агуулга байгаа болов уу.” гэхэд Р.Амаржаргал: Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би бодчихсон. Нэлээд эрт бодсон. УИХ-ын гишүүнийг төрийн түшээ гэж өргөмжилдөг. Тэр хүмүүс нь асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага санаачилга гаргах хэрэгтэй гэж үзэж байна уу? хэмээн эргүүлэн асуухад А.Бакей: Танд түрүүн тайлбараа хэлсэн. Би танд байцаагдмааргүй байна.” гэсэн юм. Ер нь бол Р.Амаржаргалын асуудалд УИХ-ын дарга намынхаа бодлогын дагуу хандаж байгаа гэдэг нь тодорхой байгаа юм. Р.Амаржаргалын тухайд бодоод дуусчихсан байлаа ч, АН бодож дуусаагүй байна. Бол Ер нь Р.Амаржаргалын тэвчээрийн хязгаар хаа хүрэхийг харах хэрэгтэй ч болж мэдэх юм. Уг нь түүнд Төрийн ордны үүдээр гишгэхгүй байж болох “эрх” бий нь ч бий л дээ.
,
211-үүлээ үүргээ сайн гүйцэтгээд ирэв
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өнгөрөгч бямба гарагт эх орондоо ирлээ. Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн угтан авцгаасан юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцоод байгаа юм.
Үүргээ сайн гүйцэтгээд, Монгол Улсынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчийн нэр төрийг өндөрт өргөж ирсэн энхийг сахиулагчдадаа баяр хүргэх нь зүйн хэрэг билээ. Энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол Улсын төрийн одон, медаль гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )