Токио хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр болсон -100 кг-д 25 бөх зодоглосноос Н.Түвшинбаяр эхний тойрогт БНСУ, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Чехийн Крпалек Лукастад базари үнэлгээрээр ялагдсан ч, ОХУ-ын Самойлович Сергей, Казахстаны Раков Максимыг ялснаар медалийн тавцанд зогслоо.
Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд (11.30-12.01) жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрлөө.
150 мянган ам.долларын шагналын сантай Токиогийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 46 орны эрэгтэй 187, эмэгтэй 149, нийт 336 жүдоч тус тус долоон жинд өрсөлдлөө.
Манай улсаас Токиогийн татамид 11 тамирчин зодоглосноос эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ, дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдээс -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -60 кг-д Д.Амартүвшин V, Г.Болдбаатар VII, -73 кг-д Х.Цагаанбаатар V байр эзэлж, багийн дүнгээр VII байр эзлэв.
Япон улсын хувьд эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг-ээс бусад бүх жинд түрүүлж, 11 алт, хоёр мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ /1+4+2/, Недарланд /1+1+0/ улсууд удааллаа. Чех нэг алтан медаль хүртсэн амжилтаар IV байрт шалгарсан бол Бразил гурван мөнгө, нэг хүрэл, Франц нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж манай улсын урд жагсчээ. Тус тэмцээнээс нийт 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс ОХУ, БНХАУ, Куба зэрэг орнууд нэг хүрэл хүртсэн амжилтыг үзүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )