Гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлт ирүүлсэн иргэдэд "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-өөс гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах, бүлэг болон ажиллах талаар мэдээлэл сургалт зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах иргэн нэг бүрийн хүсэлт, өргөдлийг файл хэлбэрт оруулан нийслэлийн өргөдөл, гомдол хүлээн авах систем рүү хөрвүүлсэн байна. Энэ нь иргэд өгсөн өргөдөл, гомдлоо өөрсдөө хянах боломж бүрдэж байгаагаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн бүрт програм хангамж болон мессежээр хариу өгөхөд хялбар болжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг иргэдийн оролцоотойгоор, нээлттэй сонгон шалгаруулсан бөгөөд одоогоор 14 аж ахуйн нэгж Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн, ирэх онд эхний орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг энэ оны эхээр тогтоосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сард дахин төлөвлөлт хийх найман байршлыг нэмж тогтоожээ. Эдгээр байршилд 52 мянга 250 хүн ам бүхий 11.161 нэгж талбарын 970.2 га талбай хамрагдаад байгаа юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top