Санхүүгийн зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй талаар шалгалт хийжээ. Тус шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн ба 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн СЗХ-ноос Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан татварын тухай хуулиудад татвар, хураамжийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэх өөрчлөлт оруулах, төсөвт төлөх аливаа төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хураамжид жилд 40 сая ам доллар, гаалийн онцгой албан татварт 140 сая доллартай тэнцэх татвар хураамж ногдуулдаг байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээнийхээ үнэ, тариф, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхэд банкууд нөлөөлж байгаа аж. Арилжааны банкууд оны эхний арван сарын байдлаар гурван тэрбум ам.долларын зээл олгосон байна. Үүнтэй холбогдуулан гадаад валютын зээлийн зориулалтыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх саналыг Монголбанкинд хүргүүлсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )