ХОЁР ХҮНИЙГ БУУДАЖ, ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙНХӨӨ АМИЙГ ЕГҮҮТГЭЖЭЭ-
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг энэ сарын 1-ний өдрийн 16 цагийн үед гарчээ. Тус багийн малчин Б.Эрдэнэсүхийн хотонд хоёр шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч тал болох салсан эхнэр Д.Отгонзаяа нарын хүмүүс очжээ. Тэднийг очиход Б.Эрдэнэсүх малдаа явсан эзгүй байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа хот айлынх нь хүнээр "шүүхийн шийдвэрийн дагуу 88 толгой мал Б.Эрдэнэсүхээс авч түүний салсан эхнэр Д.Отгонзаяад хүүхдийн тэтгэлэг болгон өгөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж яваа хүмүүс гэрт чинь ирсэн байна" гэж хэлүүлжээ. Удалгүй Б.Эрдэнэсүх морьтой ирж "Хүүхдийн тэтгэлэг болгож 88 толгой мал өгч чадахгүй" хэмээн "ТОЗ-8" маркийн буу гаргаж ирсэн аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар "Өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдрийн 530 тоот Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээс гаргасан иргэний шийдвэрийг болон 320 дугаартай гүйцэтгэх хуудсаа үзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нар хэмээн өөрсдийгөө танилцуулсан байна. Б.Эрдэнэсүх тэдний яриаг үл хайхран "Мал өгөхгүй, зайлцгаа" хэмээн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироосон байна. Мөн тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн Д. Батсайханыг буудан амь насыг нь хохироож, иргэн н.Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулжээ. Үүнийхээ дараа тэрбээр морь унан хэргийн газраас оргон зугтсан аж. Иргэн Батсүх нь эхнэрийх нь талын хамаатан бөгөөд түүнийг Мөнххаан сумын эмнэлэгт яаралтай хүргэж анхны тусламж үзүүлжээ. Сүхбаатар аймгийн цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг гарч бусдын амийг бүрэлгэсэн сэжигтэн Б.Эрдэнэсүхийг эрэн сурвалжилсны эцэст өчигдөр 14 цагийн үед олсон байна.
Энэ талаар Мөнххаан сумын Цагдаагийн тасгийн дарга хошууч Б.Бат-Өлзийгөөс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн амийг хөнөөсөн Б.Эрдэнэсүхийг олсон гэж сонслоо?
-Энэ хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Хоёр хүнийг буудаж, амь насыг нь хөнөөгөөд сэжигтэн оргон зайллаа гэх мэдээллээр аймгийн болон манай тасгаас эрлийн баг гарч ажилласан. Сэжигтэн Б.Эрдэнэсүхийн цогцсыг өчигдөр өдөр буюу энэ сарын 2-ны өдөр Баянтэрмэн уулнаас олсон. Тэрбээр амиа хорлосон бололтой.
-Сэжигтэн сэжиглэн хэргийн газраас оргон зугтсан гэсэн. Бусдыг буудсан буу нь өөрийнх нь байсан юм болов уу?
-Энэ хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хийж дөнгөж эхэлж байна. Сэжигтэн хэний буутай явсан амиа тэр буугаар хөнөөсөн үү гэдгийг одоогоор хэлэхэд эрт байна. Юутай ч хоёр гурван хэсэг болж бид сэжигтнийг эрэн сурвалжилсан. Даваа гаригийн өдөр сэжигтний цогцсыг оллоо хэмээн бидэнд мэдэгдсэн учир бид эрлийн ажлаа зогсоогоод сая суман дээрээ ирээд байна.
-Талийгаачийн цогцос олддог газраас түүний амьдарч байсан баг хэр хол байдаг юм бэ?
-Баянтэрэм багаас Баянтэрэм уул арав гаруй км зайтай. Сэжигтэн оргож яваад энэ ууланд хүрсэн бололтой. Тэнд очоод өөрийнхөө амийг хөнөөсөн байх гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
-Нутаг орных нь зарим хүнтэй утсаар холбогдоход талийгаач эхнэрээ их зовоодог байсан. Сэтгэцийн жаахан өөрчлөлттэй байсан гэж ярьж байна. Хүнийхээ хувьд ямархуу хүн байсан юм бол?
-Энэ талаар би мэдэхгүй байна гэв.
Нутгийн зарим иргэдийн хэлснээр талийгаач их хартай, эхнэрээ зоддог байсан гэнэ. Ойр зуур гэрээсээ гарахдаа эхнэрээ хүлж, хүлээсийг нь гэрийнхээ хаяагаар гарган бэхэлдэг байсан тухай ярьж байв. Талийгаачийн энэ зүй бус авирыг тэвчилгүй тэрбээр хүүхдээ аван салсан аж. Салж байгаа учир иргэний журмаар хүүхдэд нь тэтгэмж болгож 88 толгой мал гаргуулах болсон нь талийгаачид хүнд цохилт болсон бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач ууланд хоолойгоо боомилсон байдалтай олджээ.
Г.ОНОН
Сэтгэгдэл ( 0 )