Ирэх онд Нийслэлийг 60 гаруй тэрбум төгрөгөөр тохижуулна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Нийслэлийн 2014 оны төсөвт төвлөрөх төсвийн орлогыг 556.9 тэрбум төгрөг байхаар баталсан нь энэ оныхоос 108.7 тэрбум төгрөг буюу 24.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Нийслэлийн төсвийн орлогын 65.9 хувийг Хувь хүний орлогын албан татвараас харин 24.8 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоос, найман хувийг татварын бус орлогоос, үлдэх 1.3 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.

Төсвийн орлогын бүрдэлтийг хот, дүүргээр нь ангилвал хотын шуудын төсөвт 459.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлгын 82.7 хувийг бүрдүүлэхээр байгаа аж. Түүнчлэн ирэх оны төсөвт нийслэлийн иргэдийн саналыг тусгасан бөгөөд иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернетийн орчинг бүрдүүлж өгөхийг хүссэн гэж холбогдох албанаас мэдээлсэн. Үүний дагуу цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин хэрэгжих 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ. Үүнээс гадна нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41.1 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60.7 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ ирэх оны төсөвт түргэний 20 тэрэг худалдан авахад нэг бүрийн үнийг 85 сая төгрөгөөр тооцож 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top