Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ураг зулбуулах чанаргүй, баталгаагүй эм хэрэглэж, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй гарч буй тухай холбогдох яамныхан дуулгасан. Тодруулбал он гарсанаас хойш таван эмэгтэй үр зулбуулах эм хэрэглэснээс болж амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн.
Нэр ус нь тодорхойгүй, хаана үйлдвэрлэдэг нь ч мэдэгдэхгүй “найдвартай зулбуулна” гэсэн эмийг томоохон худалдааны захуудаар мөн хувь хүмүүс зардаг гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй бий. Тиймээс ч энэ эмний тухай ам дамжин явсаар тухайн хэрэгцээт хүмүүсийнх нь чихэнд хүрдэг. Нууц аргаар үйлдэгддэг энэ гэмт хэргийн гол асуудал нь амнаас ам дамжин яригдах явдал. Өөрөөр хэлбэл, “Би жирэмсэн болчихсон. Авахуулах эсвэл зулбуулах хэрэгтэй гэж хэн нэгэн найз нь хэлэхэд тэнд тийм эм, тэд гэдэг” гээд л хэлчих жишээний. Ингэж нууц аргаар, гар дамжин худалдаалагддаг хууль бус эмүүд эцэст нь охид бүсгүйчүүдийг үхэлрүү нь түлхэдэг. Харамсалтай нь тэд тухайн үед үр зулбуулах эм эргээд ямар асуудал үүсгэдгийг мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй.
Уг нь Эрүүл мэндийн тухай хуульд “Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно” гэж заасан байдаг. Гэтэл өдгөө жирэмсэлсэн охид, бүсгүйчүүд хүсээгүй жирэмсэлт, эцэг нь байхгүй, ар гэрийн боломжгүй гэх шалтгаанаар үр хөндүүлж байна. Хувийн, улсынх гэлтгүй захын эмнэлэг л үр хөндөх мэс ажилбарыг хийж байгаа.
Өнгөрсөн жил л гэхэд Нийслэлд эмэгтэйчүүдийн 120-иод эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 13 нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэсэн тоо баримттай байсан. Гэтэл өнөөдөр “эмэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн хаягтай газар болгон нууцаар үр хөндөлт хийж, зулбуулах эм худалдаалж байгаа нь нууц биш.

Сэтгэгдэл ( 0 )