Олон нийтийн сүлжээ Фэйсбүүк компани хэрэглэгчдийн дунд тарж байгаа контентуудыг аль хулгайн, аль нь хууль ёсных болохыг ялгах тусгай программ зохион бүтээжээ. Тэд шинэ программынхаа зохиогчийн эрхийн гэрчилгээг өчигдөр албан ёсоор авсан байна.
Олон нийтийн сүлжээ Фэйсбүүкийг хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэхийн хэрээр элдэв төрлийн зураг, цахим ном гэх мэт хууль бус контентууд энд тэндгүй тэнүүчилж, хэрэглэгчдийг хохироох явдал олон гардаг болжээ. Тэгвэл компанийн инженерүүд энэхүү эрсдлээс хэрэглэгчдээ хамгаалах шинэ программыг зохион бүтээснээ албан ёсоор танилцууллаа.
Шинэ программыг ашигласнаар дээр хэлсэнчлэн хулгайн контентыг нээж хохирогч болох эрсдэлээс хамгаалагдах юм. Хулгайн контент байгаа эсэхийг "олон нийтийн дохио" гэж нэрлэсэн хэлбэрээр хэрэглэгчдэд таниулах юм байна. Энэ нь тухайн хэрэглэгчийн байгаа байршил, дуртай кино, хобби зэрэг хэлбэртэй байх гэнэ. Үйлчилгээг ямар хэлбэрээр авахаа хэрэглэгч өөрөө сонгож, энэхүү мэдээллээ нууцлуулах эрхтэй ажээ.
Зохиогчийн эрхийн гэрчилгээнд бичсэнээр, шинэ программ нь текст хэлбэртэй хулгайн файл, тухайлбал, цахим ном, янз бүрийн фото материалуудыг илрүүлэх юм байна. Программын ажиллах хугацаа, үнэ одоогоор тодорхойгүй байна. Харин компанийн удирдлагууд цаашдаа энэхүү шинэ программаа вирустэй линк, видео болон аудио контентуудыг илрүүлдэг болгож сайжруулахаа амлаж байгаа юм.
Олон нийтийн сүлжээ Фэйсбүүк нь 2004 онд нээгдэж, хэрэглэгчдийн тоо нь эдүгээ нэг тэрбум гаруйд хүрээд байгаа юм. Хэрэглэгчид нэг хоногт л 350 сая зураг оруулж, 10 тэрбум мэдээлэл солилцож байдаг бөгөөд цахим хуудсаар дамжин өдөр бүр 110 сая дуу хөгжмийн цомог, 1.4 сая цахим ном эзэндээ хүрч байдаг юм байна. Фейсбүүкээр нэг өдөрт дамжиж байгаа мэдээллийн хэмжээ 500 терабайт хүрдэг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )