Хөрсөн дээр 400 жил болдог ”ялзардаггүй” хаягдал гялгар уутаа тушаавал хашаа хийх юм байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут задардаггүй хог бөгөөд байгаль дээр 100-400 жил оршиж таныг болон үр хүүхэд цаашлаад байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, газрын хөрсийг үхүүлдэг. Мөн  химийн хорт хий  ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг байна. Мөн түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг.  Дахин боловсруулдаггүй байгальд шууд хаягддаг хамгийн хортой хог болох гялгар уутыг манай оронд  дахин боловсруулж бүтээгдэхүүн хийдэг болсон байна.

 Дархан хотын “Сан Оригу” болон Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “ТЧМ” компаниуд дахин боловсруулж байгаа юм байна.  “ТЧМ” компани нь үйл ажиллагаа явуулаад долоон сар болж байгаа аж.  НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор “Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксиг явуулах”, мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй зорчуулахаар  журамласан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад  шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ. Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм байна.  Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялагийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг байна. Ингээд “ТЧМ” компанийн зөвлөх инженер, төслийн удирдагч Л.Санжаасүрэнгээс хаягдал гялгар уутыг хэрхэн боловсруулдаг талаар тодрууллаа.

 

-Танай компани гялгар уутаар ямар, ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Манай компани ахуйн хашааны шон, төмөр хашааны шон, авто замын туузан хашлага, авто замын нэгдүгээр эгнээний тусгаарлах төхөөрөмж, траншены төмөр таг, зэргийг үйлдвэрлэлээ. Сүүлийн үед Улаанбаатар хотын захиалгаар Энхтайвны гүүрний гоёлын хайлш хийж байна мөн Багахангай дүүргийн бүх цэцэрлэгийн хашааг хийсэн. Энэ бүх зүйлийг хаягдал гялгар уут, тороор хийж байна. Бид бүхэн Энх тайвны гүүрний дөрвөн жигүүрт 50, 50 метраар 200 метр хашаа барьж байгаа. Мөн бид бүхэн автозамын туузан хашлага хийж эхлээд байгаа. Энэ Моносын уулзвараас Дархан хот явдаг зам дагуу тавигдана гэж төлөвлөгдөөд явж байна.  Манай компанийн зүгээс талбайн шонг модоор биш хуванцар шонгоор хийж байя гэсэн хүсэлт гаргаад байна. Энэ өвөл 30 мянган шон хийх төлөвлөгөөтэй байгаа. Модоор хийхгүй байна гэдэг нь ой модоо хамгаалаачээ гэсэн санаа юма.

-Гялгар уутыг хэрхэн дахин боловсруулдаг талаар танилцуулахгүй юу. Мөн хогны уутаа хаанаас авч байна вэ?

-Иргэдийн ашиглаад хаясан  гялгар уутаа төвлөрсөн хогийн цэгэн дээр хаяад үүнээс эмзэг бүлгийнхэн агентад өгдөг. Харин манайх агентаас нэг кг 250 төгрөгөөр худалдаж авдаг . Бид бүхэн гялгар уутыг дахин хайлуулаад хэвэнд хийж цутгаад энэ бүх бүтээгдэхүүнийг хийж байна.

-Хогны гялгар уутыг худалдаж авахад хүндрэл тулгадаг уу. Наад зах нь хогоо иргэд ялгаж хаяж сурах хэрэгтэй байх?

-Ер нь хогийн менежментээрээ яах ёстой вэ гэхээр анхан шатанд ялгана гэж яриад байдаг. Энэ гэхдээ ажил хэрэг болоогүй яриад 10 жил болж байгаа. Хогийг анхан шатны  эх үүсвэрт ялгаад хогны саванд дахин боловсруулах энгийн дахивар гээд ялгаад хийгээд сурчих хэрэгтэй. Яг ингэж ялгаад бидэнд авчирж өгдөг системийг нэтрүүлдэг болвол өшөө ажлаа үргэлжлүүлэх боломжтой байгаа. Бусад бүх түүхий эдийг хятадууд худалдаж авдаг. Харин гялгар уутыг хятдууд боловсруулж чаддаггүй учраас худалдаж авдаггүй үүнийг манай компани дахин боловсруулж байна.. Экологийн хамгийн хор хөнөөлтэй нь энэ гялгар уут юм шүү дээ.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoloo(202.131.242.130) 2025 оны 03 сарын 13

SAN ORGIU HHK UTASNII DUGAARIIG NI OLJ OGOOCH 88096958

1  |  0
Top