Зүгээр нэг цом гардуулж, энгэрт нь хайруулын таваг шиг том төмөр одон нааж өгөх гээд байгаа юм биш...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Монголд анх удаа буюу энэ сарын 19-ний өдөр “Online Media Awards 2013” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Интернэт гэдэг хязгааргүй орон зай хэн бүхэнд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх боломжийг нээлттэй олгож байгаатай зэрэгцэн онлайн сэтгүүлзүйн салбарынханд өндөр хариуцлага бас ирж буй. Бас иргэний сэтгүүл зүйг дор бүрнээ хөгжүүлж байгаа эрхмүүдэд ч энэ ойлголт хамаатай. Тиймээс ч “Online Media Awards 2013” арга хэмжээ нь онлайн салбараа бүтнээр нь харахыг зорьж байгааг тус арга хэмжээг зохион байгуулагч “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Буянбадрах хэлж байна. Түүнчлэн “Гэрэл тусгая” гэх уриан дор зохион байгуулах болсон тухайгаа  “-Энэ амьдарч байгаа нийгэмдээ гэрэл гэгээ тусгаж илүү тодоор харъя гэсэн санаа юм л даа. Харанхуйд юу ч харагддаггүй шүү дээ... Тэгвэл эргэн тойрноо гэрэл тусгаж тодоор харснаар болж бүтэхгүй байгаа зүйлийг засч, залруулах боломжтой болно. Тиймээс л эргэн тойрондоо гэрэл тусгая гээд байгаа юм.” гэлээ.

 

Мэдээж хуучин оноо үдэж шинэ оныг угтахын урьтал болгож салбар бүр л шилдгүүдээ шалгаруулдаг. Тэгвэл онлайн салбарынхан энэхүү арга хэмжээ тэр жишигтэй ижил мэт боловч агуулгын хувьд өргөн гэдгийг хэлэх байна. М.Буянбадрах хэлэхдээ “...зах зээл нь өөрөө бойжуулна, зах зээлийн үл үзэгдэгч гар зохицуулчихна. Манай нийгэм төлөвшихөөр сайтууд нь ч гэсэн аятайхан болчихно гэж хүлээхгүйгээр,  бодлогоор энэ салбартаа хандах нь тэр нааштай үр дүнд эрт хүрэхэд хэрэгтэй юм гэж хараад байгаа. Тиймээс “Чи мундаг сэтгүүлч байна шүү. Танайх давгүй сайт байна шүү. Энэ эрчээрээ байгаарай. Танайх үнэхээр шуурхай байна шүү. Чанадын чанадаас чухал мэдээллийг олж тавьж чадсан шүү. Бусад нь энэ шиг байгаарай”  гэж онцлож, тодотгох гээд байгаа юм, “Online Media Awards 2013” гэдэг чинь. Ингэж онцлоод байгаа цаад шалтгаан нь зүгээр нэг цом гардуулж, энгэрт нь хайруулын таваг шиг том төмөр одон нааж өгөх гээд байгаа даа биш. “Үүн шиг, түүн шиг байгаарай, таминь ээ”  гэж бусад сайтуудад, сэтгүүлчдэд, контент үйлдвэрлэгч нарт үлгэрлүүлэх гээд байна л даа.” гэж байсан.

 

Мөн  “Мэдээллийн сайтуудын ассоциациас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь зөвхөн өөрийнхөө гишүүн байгууллагаас тодруулахгүй. Зөвхөн манай гишүүд дотроос энэ онд онцгойрчихсон сайхан нь тэр байлаа, энэ байлаа гэж онцлохгүйгээр бүгдээрэнг нь харъя гэж байгаа. Нөгөө гоё цом зэрэг нь зөвхөн манай Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүдэд очих биш. Монголын онлайн сэтгүүлзүйн бүх төлөөлөгчид  нэр дэвшүүлэх шалгарах, хүртэх эрх нь нээлттэй. Үүнийг “Online Media Awards 2013”-ын журамд тодорхой заачихсан байгаа” гэж байна. Тэгэхээр энэ дашрамд шалгаруулалтын журмыг дэлгэрэнгүй хүргэх нь зөв биз ээ.

 

Шалгаруулалт 3 үе шаттай явагдана. 



Нэгдүгээр шат: 2013.12.02-2013.12.10-ны хооронд onlinemedia.mn сайтын
НЭР ДЭВШҮҮЛЭЛТ: Нэр дэвшигчдийг дараах номинациудад бүртгэнэ.

1.    Оны Шилдэг сайт
2.    Оны Шилдэг нийтлэлийн бодлогoтой сайт
3.    Дебьют сайт
       ( Сүүлийн 2 жилийн дотор үйл ажиллагаа явуулж эхэлсэн сайтууд нэр дэвшинэ. )       
4.    Оны Шилдэг төрөлжсөн сайт
       ( Спорт, эмэгтэйчүүд, хүүхэд, эрүүл мэнд, уул уурхай зэрэг мэдээллээрээ төрөлжсөн сайтууд нэр дэвшинэ. )
5.    Оны Шилдэг орон нутгийн сайт
       ( Тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй сайтууд нэр дэвшинэ. )
6.    Оны Шилдэг төрийн байгууллагын сайт
7.    Оны Шилдэг блог
8.    Оны Шилдэг жиргээч 
       ( 5000-аас дээш дагагчтай жиргээчид дэвших эрхтэй. )
9.    Оны Шилдэг facebook page&group
       ( Facebook хэрэглэгч нарт мэдээлэл, мэдлэг олгодог )
10.  Youtube Хамгийн их үзсэн видео
       ( Youtube.com сайтаас 2013.01.01-2013.12.15-ны хооронд хамгийн их үзсэн видеог шалгаруулна. )
11.  Сайтаар хамгийн их бичигдсэн хүн
       ( Online PR Agency Байгууллагаас 2013.01.01-2013.12.15 хооронд мэдээллийн 120 сайтад миниторинг хийж оны хамгийн их бичигдсэн хүнийг шалгаруулна. )

Хоёрдугаар шат: 2013.12.10-2013.12.18 хооронд нийт интернет хэрэглэгчдийн дунд онлайнаар санал хураалт явагдаж номинаци тус бүр дээр 3 нэр нэвшигчийг шалгаруулна.Интернэт хэрэглэгч санал өгөхдөө facebook&twitter хаягнаасаа нэг л удаа санал өгөх эрхтэй. 
Гуравдугаар шат: 2013.12.19-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын СОЁМБО танхимд болох ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 250 зочин гар утсаараа sms илгээн номинаци тус бүрээс 1 шилдгийг шалгаруулна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(203.91.119.102) 2025 оны 03 сарын 13

Мөнгө олох шилдэг арга, шалгаруулалт нь юу нь ч цөөхөн хоног юм бэ.., энэ арга хоцрогдсоншүү хэ хэ хэ

1  |  0
Top