
1. Зууш-Цангис жимс, тахианы махтай салат
2 ширхэг тахианы цээж мах (арьсыг нь авсан)
4 цайны халбага оливийн тос
2 улаан сонгино, нимгэн хэрчсэн
200 гр ногоон навчит салат
½ өргөст хэмх (хэрчиж, үрээс нь салгасан)
25 гр хатаасан цангис
85 гр цангис жимсний соус (өөр соус ч байсан болно)
1 нимбэгний шүүс
Цээж мах бүрийг хөндлөн хэрчиж, 4 нарийхан мах болгоно. Дараа нь тал оливийн тосоороо тослож, амтална. Наалддаггүй хайруулын таваг дээр махныхаа тал бүрийг 3-5 минут шарж тавган дээр тавина. Үлдсэн тосоо хайруулын тавгандаа хийгээд, сонгиноо 5 минут шарна. Шарсан махаа хэрчиж, дээр нь цангис жимс, өргөст хэмх, нимбэгний шүүс, соус, навчит ногооноо хийгээд хутгаж олгоно.

2. Фингер фүүд-Швед бөөрөнхий мах
1 хоолны халбага цөцгийн тос
1/2 дунд зэргийн сонгино, хэрчсэн
Давс
1 1/2 аяга талхны үйрмэг
1/3 аяга сүү
2 цайны халбага херес дарс
1/2 цайны халбага гичний үйрмэг
3 том өндөг
120 гр гахайн махан таташ
120 гр тахиан махан таташ
1 хоолны халбага зөгийн бал
Нунтаг перец
1/2 аяга цөцгий
Цөцгийн тосоо дунд зэргийн гал дээр хайлуулна. Дээр нь сонгиноо шарж, давсаар амтлаад алтлаг шаргал болтол нь 4-6 минут шарна. ½ аяга талхны үйрмэгээ сүүтэйгээ холиод 1-2 минут орхино.
Нунтаг гич, дарс хоёроо хийж уусгаад, дээр нь 1 өндгөө хийж хутгана. Дээр нь дэвтсэн талхны үйрмэг, борлосон сонгино, гахайн мах, тахианы мах, зөгийн бал, 2 цайны халбага давс, перецээ хийж гараараа зөөлөн холино.
Гараа үл ялиг чийглээд 36 бөөрөнхий мах хийж тэвшин дээр тавиад 4 цаг амраана. Үлдсэн 1 аяга талхны үйрмэгээ гүехэн тавганд хийгээд, дээр нь үлдсэн 2 өндгөө, 2 халбага устай хийж хутгана. Бөөрөнхий мах бүрээ дотор нь дүрж, илүү гарч байгаа хэсгийг сэгсэрч дусаагаад тэвшин дээр буцаан тавина. Том хайруулын тавганд 1 1/2 инч зузаантай ургамлын тос хийгээд махнуудаа шарж болгоод, цөцгийндөө дүрж, дээр нь нимгэн хэрчсэн өргөст хэмхээ тавьж чигчлүүр зоогоод олгоно.

3. Үндсэн хоол-Хиам, бяслагтай крокет
3 хоолны халбага цөцгийн тос
1/2 аяга хэрчсэн сонгино
3/4 аяга гурил
1/2 цайны халбага нунтаг улаан чинжүү
Давс
1 аяга сүү
1 аяга шоо хэлбэрээр хэрчсэн хагас утлагат хиам
1/2 аяга үрсэн шедар бяслаг
3 жижиг хумс сармис, няцалсан
3/4 аяга тахианы шөл
1 цайны халбага үрсэн нимбэгний хальс
2 том өндөг
Ургамлын тос
40 ширхэг давсалсан нимгэн жигнэмэг (сайн нухсан)
300 гр даршилсан вандуй
Цөцгийн тосоо хайлуулж, дээр нь сонгиноо зөөлөртөл нь 5 минут орчим шарна. ½ аяга гурил, улаан чинжүү, 2 цайны халбага давсаа нэмээд модон халбагаар 3 минут орчим өтгөртөл нь хутга. Дээр нь сүүгээ бага багаар хийгээд зөөлөн зуурмаг болтол нь дахин 3 минут хутгана. Савтай зуурмагаа гал дээрээс аваад дээр нь хиам, бяслаг хоёроо хийж тосолсон тэвшин дээр тарааж 45 минут хөргөгчинд хөргөнө.
Энэ хооронд вандуйны соусаа хийнэ. 3 аяга ус, сармис хоёроо хамтад буцалгаад, дээр нь вандуйгаа хийж 30 секунд орчим болгоно. Усыг шүүснийхээ дараа сармис, вандуй хоёроо блендэрт хийж тахианы шөл, нимбэгний хальсаа нэмээд нухаж болгоно. Өөрийнхөө амталгаагаар давс, перец хийнэ.
Дундааш дээш градуст ургамлын тос хийж халаана. Үлдсэн ¼ аяга гурил, өндөг, давсалсан жигнэмэгний үйрмэг гурван тусдаа саванд хийнэ. Хөргөсөн зуурмагаа 20 ширхэг урт крокет болгож хэрчээд гурил, өндөг, жигнэмэгний үйрмэгтээ дарааллын дагуу дүрж өнхрүүлээд тэвшин дээр тавина.
Алтлаг шаргал өнгөтэй болтол нь шарах шүүгээнд жигнээд соустайгаа олгоно.

4. Үндсэн хоол: Удаан болгосон улаан лоольтой үхрийн мах
1 кг үхрийн цул мах
Давс, перец
500 гр үрлэн улаан лооль
1 багц сармис
8 иш ганга
3 хоолны халбага оливийн тос
Цельсийн 175 градуст шарах шүүгээгээ халаана.
Үхрийн махаа 1 цайны халбага давс, ½ цайны халбага перецээр амтлаад том саванд хийнэ. Тусдаа саванд улаан лооль, сармис, ганга, тос, ¼ цайны халбага давс, ¼ цайны халбага перецээ хийж хутгаад махныхаа дэргэдүүр тавьж 1 цаг орчим болгоно. Болсных нь дараа 10 минут хөргөж байгаад хэрчиж, сармис, улаан лоольтойгоо олгоно.

5. Үндсэн хоол: Шарсан яргай загас
1½ кг яргай загасны нэг тал (арьстайгаа)
1 хоолны халбага оливийн тос
½ цайны халбага нунтаг цагаан гаа
½ цайны халбага нунтаг перец
1 цайны халбага паприка
½ цайны халбага бөөрөнхий хар перец
1 цайны халбага гич
1 цайны халбага зөгийн бал
1 нимбэг
Шарах шүүгээгээ цельсийн 180 градуст халаана. Том тэвшийг тугалган цаасаар бүрээд, яргай загасныхаа арьсан талыг тосолж дээр нь тавина. Арьсыг нь доош нь харуулж тавиарай. Цагаан гаагаа, перец, зөгийн бал, оливийн тос, гичтэйгээ холиод загасныхаа нөгөө талд түрхэнэ.
Таглааг нь тавилгүйгээр 20 минут шараад, дэргэд нь нимбэг тавьж олгоно.

6. Хачир: Гахайн махтай шанз
250 гр гахайн утсан мах
Будаа:
4 1/2 аяга давс багатай тахианы шөл
3 хоолны халбага хэрчсэн яншуй
1 1/4 аяга бор будаа
1 1/4 аяга гурвалжин будаа
Ногоо:
2 хоолны халбага цөцгийн тос
2 хоолны халбага оливын тос
400 гр жижиг бөөрөнхий сонгино
1 цайны халбага давс
3/4 цайны халбага перец
330 гр цагаан мөөг
250 гр бөөрөнхий байцаа
Гахайн махаа шаржигнуур болтол нь шараад, тос авдаг цаасан дээр тавиад хэрчинэ.
Будаагаа: Шөл, яншуй хоёроо нэг дор хийж буцалгаад, дээр нь бор болон гурвалжин будаагаа хийнэ. Саваа таглаж, будааг үл ялиг зажлууртай боловч зөөлөн болтол нь 30 минут жигнэж шүүгээд 10 минут хөргөнө.
Ногоогоо: Гахайн мах шарсан хайруулын тавгаа тослож сонгиноо шараад, ½ цайны халбага давс, ¼ цайны халбага перецээр амтална. Зөөлөн шаргал болтол нь болгож, дээр нь мөөг, ¼ цайны халбага давс, ¼ цайны халбага перец хийнэ. Бүр зөөлөртөл нь 8 минут болгоно. Байцаагаа хийж үлдсэн давс, перецээ хийгээд 5 минут болго. Дээр нь хэрчсэн гахайн махаа нэмээд, будаан дээрээ хийж сайтар хутгана.

7. Амттан-Шарсан усан үзэм
Үргүй усан үзэм
Хушга
Цөцгийн тос
Зөгийн бал
Галд тэсвэртэй хайруулын тавгийг 2 хоолны халбага тосоор тослоод дээр нь 250 гр үргүй усан үзэм, ¾ аяга хушга хийж, 2 хоолны халбага элсэн чихрээр амтална. Цельсийн 250 градуст шараад саванд юүлж, гарсан шүүсийг нь зөгийн балтай холиод сироп шиг болтол нь 6-7 минут халаана. Гал дээрээс авсныхаа дараа нимбэгний дусал шүүс, чимх перецээр амтлаарай. Сиропоо шарсан усан үзмэн дээгүүрээ асгаад олгоно.

Сэтгэгдэл ( 2 )
estoi goe shuu
ГОЁ ЮМАА