Тойм: Дараагийн долоо хоногуудад ч таны анхааралд байх нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Дахиад нэгэн шинэ долоо хоног айлчлан ирчихжээ. Зиндаа.мн-ий долоо хоногийн тойм танд хүрч байна. Энэ долоо хоногийг давж, дараа дараачийн долоо хоногуудад нийгмийн анхааралд байх зарим асуудлыг ч онцолсон гэдгээ тодотгоё.  

 

 

 “АПУ”,  “Женко” хоёрын өрсөлдөөн үү, эсвэл...

Сайд Х.Баттулга "Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал" сэдэвт илтгэлийг Төрийн ордонд тавихдаа  “УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа бол архины бизнес эрхэлдэггүй байх" гэсэн заалт хуулинд   оруулахаар бэлтгэж байгаа”  талаараа хэллээ. Тэрээр анх удаагаа ингэж хэлж байгаа юм биш л дээ. 2011 онд Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлага гэсэн хэсэгт “Архи, тамхи, спиртийн бүх төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах, нэр дэвшигч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх” гэсэн заалтыг оруулахаар зүтгээд чадаагүй билээ. Тэгвэл түүний тэрхүү зүтгэл одоо ч хэвээрээ байгаа аж. Монголын нэг иргэнд  жилд 28 литр архи, согтууруулах ундаа ноогдож, 100 хүний 20 нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгааны дүн гарчихаад байхад энэ асуудал дээр аргацаасан байдлаар хандаж болохгүй гэх зүйлийг тэр ярьж байна.

Хоёр жилийн өмнө Х.Баттулга гишүүнийг тэрхүү заалтыг оруулж ирэхээр санал оруулж байхад одоогийн хотын дарга Э.Бат-Үүл “Бизнесийн өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, нэг нь нөгөө салбараа унагаах оролдлого төрийн бодлогод орох гэж байна..."   гэж байсан юм. Энэ нь АПУ-гийн эзэн Г.Батхүүтэй холбогдож ойлгогдож байв. Харин түүний ийм үгийг сонссон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Үүнийг хоёр компанийн хоорондын өрсөлдөөн гэж үзэн жижгэрмээргүй байна. Архины асуудал гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад хууль тогтоогчид архи үйлдвэрлэгчидтэй нэг завин дээр явж байж болохгүй” гэж байв.  За ямартай ч архины асуудал  Монголчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгааг үгүйсгэх нь утгагүй юм. Түүнчлэн эхэнд өгүүлсэн заалттай холбоотой асуудал ямар ч байсан угтах өдрүүдэд дахин олны анхаарлын төвд орж ирэх нь ээ.

 

 

Дарга хүлээхгүй, цаг, мөнгө хэмнэсэн ТҮЦ машинууд орон нутагт хүрэв

Элдэв хүнд суртал, түгжрэлгүй, шуурхай төрийн тухай хэн хүнгүй хэлж ярих болсон энэ үед төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурилуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүлснийг долоо хоногийн тойм онцолж байна. Тэдгээр ТҮЦ машинууд нь төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлттэй холбоотой лавлагаа зэрэг 11 төрлийн үйлчилгээнээс гадна орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсоноороо онцлог гэж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт 17 цэгт суурилуулсан төрийн үйлчилгээний ТҮЦ машин ийнхүү  21 аймагт суурилуулагдав. Дарга хүлээхгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ТҮЦ машин 24 цаг, амралтын өдрөөр ч үйлчлэх давуу далтай гэж байна. Цаашлаад ТҮЦ машиныг Монгол орныхоо нийт суманд байрлуулна гэж засгийн тэргүүн амлаад байна. Тэгвэл мэдээж сайн хэрэг болно.

Ямартай ч  ТҮЦ машин нь төрийн бүхий л боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэж байна. Мөн өдөр тутмын сонинуудын захиалга, цахилгааны төлбөрийг ТҮЦ машинаар дамжуулан төлж болох юм байна.

 

 

Засаг ноёдын суудал онгойж байгаад Ерөнхий сайд буруугүй гэв

Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрөгч долоо хоногт болж, Засаг дарга П.Ганхуягийг огцруулахаар шийдэв. Түүнийг сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт нь муу байгаагаас гадна зарим сумын Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлийг хийсэн гэх үндэслэлүүдээр огцруулахаар шийдсэн аж. Улмаар Дорноговь аймаг Засаг даргагүй болсон бөгөөд ирэх долоо хоногуудад энэ суудлын төлөөх өрсөлдөөн ИТХ дахь Ардчилсан намын гишүүд дунд өрнөхөөр болж байна. 

Тэгвэл нэг аймгийн засаг даргын суудал ийнхүү суларч байхтай зэрэгцэн Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэх тайлбарыг хийв. Тодруулбал, Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдын гомдлоор  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  Энэ аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэх үгийг Н.Алтанхуяг хэлсэн юм.

 

 

        Монгол гэр, Монгол  уран бичлэг  “ЮНЕСКО”-д бүртгэгдлээ


Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас яах аргагүй онцолж тодотгох учиртай нэг үйл явдал Азербайжан улсын нийслэл Баку хотноо боллоо. Учир нь тус хотод болсон Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хоорондын хуралдаанаар Монгол гэр, Монголын уран бичлэгийг  ЮНЕСКО-гийн өвд бүртгэх шийдвэр гарлаа. Ингэснээр манай улсаас хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад албан ёсны зургаан өвийг бүртгүүлж чадаад байна.  Тодотгоход, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс Монголчууд бид ийн хоёр өвөө бүртгүүллээ.

 

 

Монгол төрийн бодлогыг тодорхойлохоо “шахсан”  Б.Пүрэвдорж 20 хувьдуулав  


Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoрж  телевизийн нэвтрүүлэгт орохдоо  “… 1990 онд улс орны эдийн засаг муу байх үед гадаад орон зорьж, иргэн болж явчихаад одоо улс орны эдийн засаг сайжирч, нийгмийн халамж өгдөг болсон үед Монгол эх орон минь хэмээн ирж буй тэр хүмүүст иргэнээ сэргээхэд нь хүнд суртал үзүүлнэ …2,3 буцаана..”  гдэж хэлснээсээ болоод дуулианы эзэн болов. Ажилдаа бараг ирдэггүй, зайнаас хийчихдэг гэх хэл аманд өмнө нь өртөж явсан тэрээр ингэж хэлснийхээ шанд Засгийн газрын хуралдаанаар асуудал нь орж сахилгын шийтгэл хүртэв. Засгийн зүгээс ямар нэг байдлаар шийтгэж харагдахгүй бол болохгүй гэдгийг ч эрхэм нөхдүүд мэдэж байгаа нь тодорхой. Учир нь гадаадад амьдарч буй монголчуудын зүгээс төрийн гурван өндөрлөгт  хандан гаргасан мэдэгдэлдээ “Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoржийн xилийн чинадад амьдарч байгаад эx орондоо эргэн ирэгсэдийн талаар xэлсэн үгийг үзэж, сонсоод итгэж ядлаа  гээд “Энэ Монгол төрийн бодлого мөн үү гэж эрхэм төрийн өндөр албан тушаалтан та бүхнээс бид асууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё” гэсэн уриалгыг харийн нутагт суугаа элэг нэгт Монголчуудаа юун түрүүн уриалан дуудсан дуудлага хэмээн ойлгож багагүй хэсэг маань ч нутаг буцсан билээ. Гэтэл тэрхүү уриалгыг хэрэгжүүлэх, улсынхаа хилээр ороход угтан авах төрийн албаны дарга нь ийн занаж, тохуурхсан байр суурьтай буйг сонсоход гайхахгүй байхын арга алга.Иймээс түүний энэхүү мэдэгдэл нь Монгол төрийн бодлого мөн эсэх тухай хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд та бүхнээс авах, энэхүү болчимгүй үг яриатай, харалган бүдүүлэг үзэл бодолтой төрийн албан хаагчид болоод энэ мэт хүнийг томилон ажиллуулж буй харъяа яамны сайдад зохих хариуцлага тооцох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэсэн байв.

 

Улмаар Засгийн газрын хуралдаанаар Б.Пүрэвдoржид сахилгын шийтгэл оногдууллаа. Түүний цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулахаар болсон байна. Мөн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын  дарга О.Ганбатад бас сахилгын шийтгэл оногдуулжээ. Түүнийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн байна.

 

 

Р.Амаржаргалын албан тушаал С.Баяртай холбогдов


УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад,намынхаа ҮЗХ-оос гарах өргөдлөө намынхаа удирдлагад хандан гаргасан Р.Амаржаргал гишүүний асуудал дөрөв дэх долоо хоногтойгоо золгохдоо ч халуунаа хадгалсан хэвээрээ л байна. Харин энэ долоо хоногт УИХ түүний асуудлыг хэлэлцэх янзтай байна. УИХ-ын даргын зөвлөлөөс  Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Р.Амаржаргалын   хүсэлтийг хэлэлцэхээр оруулаад байгаа юм. Тэгэхээр Р.Амаржаргал явах уу, үлдэх үү гэдэг асуултын хариулт удахгүй тодорхой болж таарах нь. Хэрэв тэр зүтгэсэн чигээрээ явбал түүний суудал дээр хэн суух вэ гэдэг асуудал бодит утгаараа олны анхаарлыг татсан асуудал болж хувирна. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Р.Амаржаргалын хүсэлтийн цаана МАН-ын эрхэмсэг ноёнтнуудын нэг болох С.Баяртай хийсэн тохироо явж байгаа гэх мэдээлэл гарав. Гэхдээ үүнийг бат ноттой талаас нь харахад эрт байгааг хэлэх нь зөв биз ээ.

 

 

Увсын сонгуулийн будлиан шинэ будлианаар үргэлжиллээ


Нэр бүхий таван төрийн бус байгууллага өнгөрөгч долоо хоногт СЕХ-нд  Увс аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцох, мандатыг нь хүчингүй болгох  шаардлагыг хүргүүлсэн юм. Харин СЕХ шаардлагын хариуг 30 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд хариу өгнө гэсэн тайлбарыг өгсөн. Ийм хариултыг сонссон ТББ-уудын төлөөллүүд СХЕ-г огцрохыг шаардлаа. Монголын Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбооны тэргүүн  хэлэхдээ “СЕХ хууль хэрэгжүүлэгч байгууллага болохоос ард түмний татварын мөнгөөр цалинжаад хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь шударга бус байна. Өнөөдөр таван төрийн бус байгууллага нэмэгдэж байгаа. Цаашид бид нийт сонгогчдыг уриалж, эрх ашгаа хамгаалахыг уриалж байна. Бид одоо СЕХ-г огцрохыг шаардаж, дараагийн арга хэмжээгээ авна” гэсэн юм. Тэгвэл Увсын маргаантай холбоотой анхаарал татсан үйл явдал бас боллоо. Увс аймгийн Тариалан сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийлгэж, Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг иргэдэд мөнгө тараасан гэж хэлж ярьцгаахдаа, хэн нэгний хатгалгаар биш, шударга иргэний үүргээ биелүүлэх гэж зүрх сэтгэлийн дуудлагаараа яваа гэдгээ тодотгож байсан. Тэгтэл тэдгээр иргэдийн "Цэцэг" зочид буудлын тавдугаар давхарын дөрвөн өрөөнд буудалласан өрөөний болоод унаа, хоолны төлбөр тооцоог 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Нямхүүгийн төрсөн дүү Баяртайгийн нөхөр Г.Мөнхөө даадаг гэх мэдээлэл гарсан нь анхаарал татаж байв.  Увсын сонгуулийн будлиан ийм маягаар үргэлжилсээр байх янзтай байна.

 

Болор 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top