Европын орнуудыг дайран өнгөрч буй "Ксавьер" хэмээх хар шуурганы улмаас Их Британи, Польш, Дани улсад арван хүн амиа алдаад байна. Хар шуургыг дагалдсан хүчтэй салхи цахилгааны шугамыг гэмтээсний улмаас Польшийн 400 мянган өрх цахилгааны сааталд оржээ. Мөн Германд 4000 өрхийн гэрэл цахилгаан тасарсан хэмээн "ВВС" агентлаг мэдээлсэн.
Төв болон баруун Европт агаарын тээврийн ажиллагаа тасалдсан бөгөөд олон тооны нислэг хойшлогджээ. Түүнчлэн Шотландад төмөр замын тээвэр саатсан аж. Германд зам дээр нь мод унасны улмаас галт тэрэг замаасаа гарсан осол ч гарчээ. Шведэд бүрэн хаагдаад байсан төмөр замын тээвэр өчигдрөөс хэвийн хуваарьт шилжиж ажиллаж эхэлсэн байна. Хар шуурга өнгөрөгч баасан гаригт Төв Европоор дайран Оросыг чиглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )