“Online Media Awards 2013”-т хэн ч нэр дэвших эрхтэй...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Монголд анх удаа буюу энэ сарын 19-нд болох “Online Media Awards 2013” арга хэмжээг Мэдээллийн сайтуудын ассоциаци  зохион байгуулж байгаа юм. Дэлхий дахинд хүчээ авчихаад байгаа онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаа Монголын  өнөөгийн нийгэм, иргэдийн амьдралтай ч бат бэх гагнагдчихаад байгаа билээ. Технологийн ололт, дэвшил дээр суурилсан энэхүү талбар нь хүн болгонд өөрийн  үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг тодотгох нь зөв болов уу. Тиймээс ч “Online Media Awards 2013” нь онлайн салбараа бүтнээр нь харахыг чухалчилж байгаа бөгөөд нийгэмдээ гэрэл гэгээ нэмж тусгаж илүү тодоор харахыг эрмэлзэн “Гэрэл тусгая” гэсэн уриан дор болж байна. 

 

Түүнчлэн Үндсэн хуулиар хэн ч үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй учраас “Online Media Awards 2013”-д хэн ч нэр дэвших эрхтэй. Бас нэр дэвшихгүй ч байх эрхтэй.  Ард иргэдийн шударга шүүлтүүрээр тодрох шилдэг номинацийн эзэн болсон та өөрийн тань үйл ажиллагааны нийгэм дэх үр нөлөөлөл, далайцыг үнэлж өгсөн үнэлэмжээс татгалзах эрх тань ч нээлттэй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Учир нь  арга хэмжээг зохион байгуулагчид хүний үндсэн эрх, эрх чөлөө болоод мэдээллийн технологийн дэвшил дээр суурилсан онлайн салбарыг бүтнээр нь харж чадаж байгаа учраас, хэнийг ч албадахгүй, хуурамчаар өргөмжлөхгүй, бас бусдын эрх ашигт халдахгүй гэдгээ хэлж байгаа юм. Мөн  шинэ тутам хэрнээ хөгжил дэвшлийнхээ хурдтай, хүчтэй үе дээрээ яваа энэ салбарынхан нэг зорилготой гэдгийг тэмдэглэхэд илүүц болохгүй биз ээ. 

 

Мөн өгүүлэхэд “Online Media Awards 2013” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дэмжин ажиллаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Том төрөөс ухаалаг төр лүү” нийтээрээ, нийгмээрээ алхахыг уриалсан билээ. Тэгвэл онлайн  сэтгүүлзүй болоод нийгмийн сошиал сүлжээг хамруулан харж, зохион байгуулагдаж байгаа “Online Media Awards 2013” нь энэхүү уриалгыг хөрсөн дээр буулгахад, хүч хавсарч байгаагаараа онцлог. Гэхдээ энэ нь нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуух хамтын ажиллагаа болж байгаа гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Хэн хүнгүй хүнд сурталгүй, иргэддээ үйлчилсэн шиг үйлчилж чаддаг төртэй байхыг хүсч буй. Тэрчлэн Оны Шилдэг төрийн байгууллагын сайт” гэсэн номинаци бий. Төрөөс хамаарсан иргэдийн эрх ашгийг хангах чиглэлээр гүүр болон сайн ажиллаж байгаа Төрийн байгууллагын сайтуудыг эрэмбэлэхийн үр ашиг их байна гэсэн үүднээс энэхүү номинацийг харах нь зохистой гэдгийг хэлмээр байна.

 

 “Online Media Awards 2013” арга хэмжээний үр ашгийг өнөөдөр шууд тодорхойлоход эртдэх мэт боловч, онлайн гэх том орон зайд улам бүр урагшлан хөгжиж буй энэ салбарт ийм арга хэмжээг зохион байгуулах, амжилттай, нийгэмдээ үр бүтээлтэй яваа хэсгээ тодруулах, түүгээрээ бусдад үлгэрлэх, нийгэмдээ гэрэл гэгээ нэмж тусгах явдал юм. Тэдгээр нь мэргэжлийн сэтгүүлчдийн багаас бүрдсэн сайт ч байж болно, мөн сошиал сүлжээ болох фэйсбүүк, твиттер, блогийн ертөнцөөр дамжуулан өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг нийт олонд түгээж байдаг эгэл жирийн эрхмүүд ч байж болно. Ерөөс “Online Media Awards 2013”-т хэн ч нэр дэвших эрхтэй, бид хэнийг ч нэр дэвшүүлэх эрхтэй юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top