Манай нийслэл хотын зургаан дүүрэгт цэцэрлэг, сургуулийн асуудалд хамгийн ихээр дутагдаж байгаа. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гэхэд төрийн өмчийн 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч цэцэрлэгийн насны 13110 хүүхдээс энэ жил 6647 хүүхэд хамрагдсан байна. Тус Чингэлтэй дүүргийн II хороонд Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа ганцхан цэцэрлэг байдаг нь Улсын тэргүүний II дугаар цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэг нь 40 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл 2006-2007 оны хооронд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин одоо Монголын үйлдвэрчний эвлэл нь харъяа тус цэцэрлэгээ “Хас өртөө транс” ХХК-д гурван жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн байна. МҮЭ-үүдийн холбооны өмчлөлийн 400 ам метр талбай бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр нь түрээслүүлэхээр энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан байна.
“Хас өртөө транс” компани нь тус цэцэрлэгийн байранд “LIKE” нэртэй карокье, баар ажиллуулахаар болжээ. “LIKE”карокье, бааранд очиход хараахан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байсан бөгөөд засвар хийгээд дууссан байсан юм. Чингэлтэй дүүргийн II хорооны бага насны 342 хүүхэд нь энэ цэцэрлэгээс өөр сургуулийн өмнөх боловсрол эзэмших газар байхгүй нь харамсалтай. Тус цэцэрлэгийн урд талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн 61,4 ся төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Орон нутгийн хөгжлийн сангаас төсөв хөрөнгө гаргаад тоглоомын талбайг тохижуулсан байхад ард талд нь баар, караокед үйлчлүүлсэн халамцуухан залуучууд орж гарахад 25, 23 дугаар байрны нялх бяцхан үрс, иргэд аюулгүй тоглох наадах боломж үгүй болж байна. Энэхүү II хороо нь 3900 хүн амтай 1050 өрхтэй жижигхэн хороо юм байна. Тус хорооны оршин суугчдаас санал гомдол ирсэний ихэнхи нь цэцэрлэгээ ашиглалтанд оруулаач гэсэн гомдол ирсэн байна. Энэ хороонд байгаа цэцэрлэгийн насны 342 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших асуудал ус агаар мэт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой.
Энэ талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЧД-ийн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүн О.Мөнгөнсараас тодрууллаа.
Таны сонгогдсон дүүрэгт Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн насны хүүхэд хэд байгаа вэ?
- Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13110 хүүхэд байгаа. Үүнээс 4915 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Манай дүүрэгт улсын 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр улсын цэцэрлэгүүдийн хүчин чадал нь 2285 хүүхдийн багтаамжтай. Гэтэл одоо 6647 хүүхэд суралцаж байна. Манай II хорооны иргэдийн дунд судалгаа явуулахад 70 орчим хувь нь цэцэрлэгийн асуудлыг хөндсөн байсан. Энэ II хороонд цэцэрлэгийн насны 301хүүхэдтэй, үүнээс гадна яслийн насны 88 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Нийслэлд маань сургууль, цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгтэй байгаагаас биш карокье, баар дутагдаагүй нь ойлгомжтой.
-Улсйын тэргүүний II дугаар цэцэрлэг хичнээн хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан бэ. Хэрвээ буцаад ашиглалтанд орвол хорооны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой юу?
-Хоёр зуу орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Буцаад ашиглалтанд орвол цэцэрлэгийн насны хүүхдүүд бүгд хамрагдах боломжтой.
.-Иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслээд холбогдох газарт хандсан уу?
-Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар 20-нд хийсэн анхны чуулганаас эхлэн цэцэрлэгийн асуудлыг тавьсан. Мөн дүүргийн боловсролын хэлтэст шаардлага оруулж, Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гаргуулж, гурван цэцэрлэгт II хорооны хүүхүүдийг хамруулахаар болсон юм. Тухайлбал, тавдугаар цэцэрлэгт найман байрныхаа 128 хүүхдийг хуваарилуулсан боловч 12 хүүхэд л хамрагдсан. Учир нь эдгээр цэцэрлэгүүд өөрийнхөө харьяа хүүхдүүдийн ачааллыг дийлэхгүй байгаа болохоор цөөхөн хүүхэд авсан юм. Цэцэрлэггүй хорооны жагсаалт гаргахаар манай хороо цэцэрлэгтэй хороо болчихдог. Яагаад гэхээр манай хорооны нутаг дэвсгэрт 70 дугаар цэцэрлэг үйл ажилллагаа явуулдаг. Гэхдээ энэ цэцэрлэгт дүүргийн хэмжээний хүүхдүүд хамрагддаг, 24 цагийн ажиллагаатай, халамжийн цэцэрлэг юм. Цэцэрлэгийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт болон дүүргийнхээ Засаг дарга , Боловсролын хэлтэс, Нийгмийн хэлтсийн дарга нарт шийдвэрлүүлэхээр хандсан.
-Энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах уу?
-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон одоогийн МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарт хорооныхоо олон мянган иргэдийн хүсэл саналыг хүргүүлж байна. Нийслэлийн хэмжээнд олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэр дундаа Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд цэцэрлэг нэн тэргүүний асуудал болоод байгаа. Гэтэл шинээр цэцэрлэг барих газар байхгүй байна. Учир сүүлийн хорь гаруй жил нийслэлийг удирдаж байсан удирдлагуудын замбараагүй газар олголтоос болж сургууль цэцэрлэг барих газаргүй болсон. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон НИТХ-аас сургууль цэцэрлэг барих төсөв мөнгийг шийдэж өгч байгаа боловч манай дүүрэгт цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдэхгүйгээс болж төсөв мөнгө буцах тохиолдол байна. Харин манай хороонд төсөв байсан ч цэцэрлэг барих сөөмч газар байхгүй байгаа. Иймээс II хорооны хүүхдүүдийн эрх ашгийг бодож, хоёрдугаар цэцэрлэгийг Нийслэл болон Дүүргийн өмчид шилжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар ажлуулах шаардлагатай байна.
- Хоёрдугаар цэцэрлэгийн гаднах орчинг тохижуулж шинэ тоглоомыг ашиглалтад оруулсан байна. Баар ашиглалтанд орвол энэ тоглоомын талбайг ашиглах хэцүү болж байгаа юм байна?
- Энэхүү хоёрдугаар цэцэрлэгийн урьдах тоглоомын талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөр 61.4 сая төгрөгөөр барьж,саяхан ашиглалтад оруулсан. Энэ тохижилтыг Шууд ардчилал болон иргэдийн оролцооны хүрээнд энэ оны нэгдүгээр сараас 1-нээс эхлэн хэрэгжижсэн Төсөвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авч хийгдсэн ажил юм. Одоо баар ашиглалтанд орвол хүүхдүүд амгалан тайван тоглох боломж үгүй болно.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 1 )
новш гэж